Халианд автсан айлуудын нөхцөл байдлыг шийдвэрлэхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-02-28 14:26:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэ голын ай сав газар болон жалга дагуу буусан айл өрхийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. 

Иргэд мэдээлэл дутмагаас болж зуны улиралд бүхэлдээ ногоон, тэгшхэн сайхан газар харагддагт хууртаж зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бууж, өвөл нь халиа дошинд автаж, өмч хөрөнгөөрөө хохирох явдал гарсаар байна. Дээрх байдлаас хохирсон иргэдэд газар олгох ажлыг дүүргээс зохион байгуулж, нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж, дүүргийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, суваг татаж, урсцыг гол руу чиглэлтэй болгох ажлыг хийж байгаа боловч усны ундарга нь тогтмол нэвчин гарсаар байгаа юм.


Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн саарал ус Шар хадны үерийн хамгаалалтын суваг руу урсдаг. Тус урсгалын урд хэсэгт амьдардаг айлууд далан дээгүүр нэвтрэхийн тулд хоёр байршилд ЗИЛ-130 машины ачааг хөмөрч тавьжээ. Энэ нь урсцыг сааруулж, халиа дошин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. 

Иймд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, цаг агаар дулаарах үед нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар уг хоёр кузовыг авч, зориулалтын бетон хавтан байрлуулан, гарц хийхээр болжээ. 




Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ