“Нөхөн сэргээлт-2024” үйл ажиллагааг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-02-27 10:25:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Экологийн цагдаагийн албатай хамтран “Нөхөн сэргээлт-2024” үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.


БОАЖ-ын сайд Н.Уртнасан өчигдөр Экологийн цагдаагийн албаны удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа энэ талаар ярилцсан юм. Тодруулбал, байгаль орчноо хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлд хамтран ажиллах, иргэдэд экологийн боловсрол олгох, байгальд ээлтэй амьдрах тухай мэдээ, мэдээлэл тогтмол хүргэх ажлыг хамтран хийх талаар санал солилцов.


Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайд нөхөн сэргээлт хийхийг тусгасан. Монгол Улсын хэмжээнд одоогоор 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа.


БОАЖЯ, ЭЦА хамтран “Нөхөн сэргээлт-2024” үйл ажиллагааг энэ онд зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэлээ хангаж байна. Өнгөрсөн онд хамтран ажиллахдаа "Байгаль эн тэргүүнд" төслийн хүрээнд “Ой модоо хайрлая”, “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ирлээ явлаа цэвэр” “Орчны бохирдлыг бууруулъя” нөлөөллийн аян зохион байгуулсан нь давхардсан тоогоор 44 сая хүнд хүрсэн юм.

Холбоотой мэдээ