Зэсийн салбарт супер цикл ирж буйг хэлж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-02-24 14:32:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшид ирэх дарамт энэ онд бага байх төлөвтэйг эдийн засагчид, мэргэжилтнүүд хэлж байна. Олон улсын зах зээл дээрх манай улсын экспортын гол нэрийн түүхий эд, бараа бүтээгдэхүүний эрэлт өндөр байгаа нь эерэг хүлээлтийг бий болгожээ.

Өнгөрсөн онд манай улсын төлбөрийн тэнцэл 786.9 сая ам.долларын ашигтай гарсан. Мөн гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар болж өссөн. Энэ нь сүүлийн 8 сард төгрөгийн ам.доллартой харилцах ханш тогтвортой байхад голлон нөлөөлжээ. Тэгвэл энэ онд төгрөгийн ханшид нөлөөлөх хүчин зүйлүүдийн төлөв байдал эерэг байх нь. Энд улс орны эдийн засгийн тусгал болсон эрдэс, түүхий эдийн үнэ ханшаас ихээхэн хамааралтай байх нь. Он гарснаас хойш олон улсын зах зээл дээр метал, түүхий эдийн үнийн өсөлтийн мөчлөг ойртож буйг эдийн засагчид болон судлаачид хэлж байгаа. 



"COVID-19"-ийн дараа олон улсын зах зээл дээр зэсийн эрэлт эрс өснө гэсэн хандлагатай байна. 



"COVID-19"-ийн цар тахлын дараа тухайлбал, зэсийн үнэ олон улсын зах зээл дээр эрс өснө гэсэн хүлээлт бүхий хандлагатай байгааг эдийн засагч, судлаач Ч.Отгочулуу хэлж байна. Тэрээр, энэ жилээс эхлэн зэсийн зах зээл дээр хомсдол үүсээд эхэлнийг хэлж, энэ байдлаар 2021 онд манай улсын эрдэс баялгийн экспортын гол бүтээгдэхүүн зэсийн эрэлт сайжирна гэж үзэж буйгаа хэлэв.

Зэсийн зах зээл ирэх жилүүдэд 500 мянган тонноор хомсдох төлөв гарчээ. Энэ байдлаар явбал 2025 онд 3-5 сая тонны хомсдол үүсэх нь. Энэ нь 20 орчим Оюутолгой шиг уурхайтай нийлэх хэмжээний зэсийн дүн бөгөөд үүгээр авч үзэхэд зэсийн нийлүүлэлтийн хомсдол үүсэх аж. Зэсийн салбарт супер цикл ирж буйг саяхан болсон “Уул уурхайн супер циклд бид бэлэн үү” сэдэвт цахим хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагч, судлаачид хэлж, энэ нь манай улсын эдийн засаг, экспортод эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. 


Холбоотой мэдээ