“Хямд амар” цахим үзэсгэлэнд 100 гаруй байгууллага нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-22 10:08:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, НАЖГ, МАЖХ, Монголын зочид буудлуудын холбоо ТББ, “Айхотел” ХХК хамтран зохион байгуулж байгаа “Хямд амар” аялал жуулчлалын цахим үзэсгэлэнд одоогоор 100 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, рашаан сувилал нэгдлээ.


Үзэсгэлэнд нэгдсэн бүх газар бодит хямдрал болох үндсэн үнийн дүнгээ 50 хувиар хямдруулан урьдчилсан захиалга авч байгаа. Хямдрал 3 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд захиалгаа өгснөөр 2022 он дуустал хүссэн өдрөө очиж амрах боломжтой. Түүнчлэн үзэсгэлэнд Хөвсгөл нуур, Дундговь аймгийн Цагаан суваргад байрлах ресорт, Өмнөговь аймгийн жуулчны бааз ч мөн нэгджээ.



Өнгөрсөн ны 10 дугаар сарын байдлаар гадаад жуулчдын тоо 90 гаруй хувиар буурч, тус салбарт үйл ажиллагаа эрхэлдэг зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын үйл ажиллагаа зогссоноор тус салбарын 36 мянга гаруй хүний ажлын байр эрсдэлд ороод байгаа. Иймд энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн эргэлт бий болгох, иргэдийг аялах, амрахдаа хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээ авах нөхцөл бүрдүүлэх нь үзэсгэлэнгийн зорилгой юм.


Үзэсгэлэнгийн үеэр нийслэл болон 21 аймгийн аялал жуулчлалын үзэсгэлэнг дэс дараатай зохион байгуулж,  иргэд, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгаль, түүх, соёлын өв бүхий газруудаа таниулж байна. 

 

Холбоотой мэдээ