Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 35,8 хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-18 17:44:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2021 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1,6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 415.9 (35,8 хувь) тэрбум төгрөгөөр өслөө.


Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 325.6 (42,8 хувь  тэрбум, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 79.7 (30,7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 9.8 (7,5 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 777.2 (7,2 хувь) сая төгрөгөөр өслөө.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 325.6 (42,8 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолт 257.1 (2,1 дахин) тэрбум, газрын тос олборлолт 12.8 (21,1 хувь) тэрбум, металлын хүдэр олборлолт 65.2 (14,9 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Нийт үйлдвэрлэл өмнөх сарынхаас 210.8 (11,8 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь уул уурхай, олборлох салбарынх 231.7 (17,6 хувь) тэрбум төгрөгөөр багассантай холбоотой. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр зэсийн баяжмал, алт, хайлуур жонш, газрын тос, чулуун нүүрсний олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 0,3 хувиас 2,0 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шохой, спирт, ус, ундаа, жүүс, шингэн сүү, гурил, мах, баяжуулсан нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1,1 хувиас 2,7 дахин өслөө.


Мөн шахмал түлш, амны хаалтны үйлдвэрлэл нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 79,1 хувиас 7,9 дахин өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдэр, хүрэн нүүрс зэрэг бүтээгдэхүүний олборлолт өмнөх оныхоос 4,9-21,8, боловсруулах аж үйлдвэрийн салбарт согтууруулах ундаа, катодын зэс, самнасан ноолуур, ноолууран сүлжмэл эдлэл, металл бэлдэц зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1,2-99,3 хувиар багаслаа.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өнгөрсөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 825.6 (65,8 хувь) тэрбум төгрөгөөр өсөв. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 825.9 (2,2 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 825.9 (2,2 дахин) тэрбум төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 335.8 (2,4 дахин) тэрбум, металлын хүдэр олборлолт 469.3 (2,2 дахин) тэрбум, газрын тос олборлолтын салбарын борлуулалт 26.2 (56,4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.


Нийт борлуулсан бүтээгдэхүүний 1.5 их наяд төгрөг буюу 72,3 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. Гадаад зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний 1.4 их наяд төгрөг буюу 91,4 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзлэв.


Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 55,2 хувийг металлын хүдэр олборлох салбарын бүтээгдэхүүн, 38,1 хувийг нүүрс олборлох салбарынх, 5,3 хувийг газрын тос олборлох салбарынх, 1,4 хувийг бусад ашигт малтмал олборлох салбарын бүтээгдэхүүн эзэлжээ.

Холбоотой мэдээ