Умард Солонгос плутонийн үйлдвэрлэлээ сэргээсэн бололтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-06-09 12:32:01

ТОКИО. /NHK/. Умард Солонгос ашигласан цөмийн түлшнээс плутони гаргаж авах үйлдвэрлэлээ сэргээсэн байж магадгүй гэсэн болгоомжлол тархаж эхэлжээ. 

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/ Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэхээр лхагва гарагт Австрийн Вена хотод зөвлөлийн хурлаа хийжээ. Хурлын эхэнд Умард Солонгосын Ионбен дахь цөмийн үйлдвэрийн ашигласан түлшийг дахин боловсруулах станц идэвхжсэн байж магадгүй гэсэн мэдэгдлийг МАГАТЭ хийсэн байна.

Ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулснаар плутони гарган авч цөмийн зэвсэг хийхэд ашигладаг гэдгийг тус зөвлөлийн гишүүд дурдаад эл үйлдлийнх нь төлөө Умард Солонгосыг буруутган шүүмжилсэн байна.

АНУ-ын төлөөлөгч хэлэхдээ, Умард Солонгосын талаарх уг мэдээлэл нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг бүх улс орнууд дагаж мөрдөх нь чухал гэдгийг харуулж байна гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ "Умард Солонгосын тал дэлхийн энх тайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж байна" гэдгийг анхаарууллаа.

Японы төлөөлөгч Умард Солонгосын талд хандан, эдгээр анхааруулга, шүүмжлэлийг нухацтай байдлаар хүлээж авахыг уриалжээ.

МАГАТЭ мэдэгдэхдээ, Умард  Солонгос дахь байдлыг хянасаар байх бөгөөд есдүгээр сард болох жил бүрийн ерөнхий хурал дээр тусгай тайланг бэлтгэн танилцуулна гэжээ.

АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер энэ асуудалд маш их санаа зовж байгаагаа лхагва гарагт мөн илэрхийлсэн байна. Тэрбээр хэлэхдээ, Умард Солонгосын өдөөн хатгасан үйлдэл нь Солонгосын хойгийн аюулгүй байдалд ноцтой асуудал үүсгэж байна гэж мэдэгдлээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, АНУ зургаан талт хэлэлцээнд оролцогч орнуудтай эл асуудлаар зөвлөлдөх бөгөөд Пхеньяныг хэлэлцээрийн ширээнд суулгахын тулд хориг арга хэмжээ авах болно гэдгийг онцлон дурдсан байна.

Х.Сарнай



 


 

 

 

 

Холбоотой мэдээ