Гэрийн ажиглалтад байгаа иргэдийн хяналтыг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-10 17:15:18

Ховд /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг Ховд аймгийн Онцгой комисс 2021 оны хоёрдугаар сарын 8-9-нд зохион байгуулж, нийтийн тээврийн таван автобусаар 165 иргэн ирсэн юм

Үүнээс 83 иргэн Жаргалант суманд байна. Эдгээр иргэний гар утсанд GPS gate tracker аппликейшн суулгаж, бүртгэл хяналтад авч ажиллаж байна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Ховд аймагт энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн байдлаар нийт 1091 иргэн гэрийн ажиглалтад байгаа. Үүнээс Жаргалант суманд 447 иргэн байна.

Улаанбаатар хотоос ирсэн иргэд 14 хоногийн хугацаанд гэрийн ажиглалт, тусгаарлалтын дэглэм мөрдөх учиртай. Жаргалант сумын Онцгой комиссын шийдвэрээр сар шинийн баярын өдрүүдэд төрийн албан хаагчдыг дайчлан, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд 24 цагаар хяналт тавих ажлыг зохион байгуулна.

Иймээс иргэд гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаанд өөрийгөө гэртээ тусгаарлаж, өөрийн болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх, мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлж, холбогдох хууль журмыг чанд баримтлахыг албаныхан анхааруулж байна.

Холбоотой мэдээ