Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-04 18:44:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр ХӨСҮТ-ийн ажилтай танилцаж, эмч ажилтнуудтай уулзлаа.

Уулзалтын эхэнд тэрбээр, Цагаан сарын үеэр хөл хорионы дэглэмийг чангатгаж, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг УОК дэмжсэн, өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байгааг танилцуулав. Мөн цар тахалтай нэг жилийн хугацаанд хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа тус төвийн эмч, сувилагч, ажиллагсдаар бахархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ нийтдээ 220 гаруй мянган иргэнийг шинжилгээнд хамруулсан байна. Мөн сорьц авах бамбар, хуруу шилний нөөц одоогоор 166 мянга байгаа бөгөөд удахгүй 300 мянгыг нэмэх аж. Шинжилгээний хариу өмнө нь 72, 48 цагийн хугацаанд гардаг байсан бол одоо ажиллаж байгаа гурван лабораторийн нэг нь хамгийн уртдаа 31 цаг, нөгөө хоёр нь 21-23 цагийн дотор гаргаж байгаа аж. 

Тус төв нийтдээ 554 ортой. Одоогоор тус эмнэлэгт 222 иргэн байгаагаас 208 нь шинжилгээний хариу нь батлагдсан өвчтөн байгаа бол, 14 нь сэжигтэй тохиолдол гэдгийг Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг энэ үеэр хэлэв. Мөн тэрээр Эрүүл мэндийн сайдад хүнд өвчтөн тээвэрлэх бүрэн тоноглосон гурван автомашин хэрэгтэй байгааг уламжиллаа.
Энэ талд салбарын сайд бүх талаар дэмжихээ амласан юм.

Ноднингийн 11 дүгээр сараас эхлэн тус эмнэлгийн лабораторийн ажилчдын ачаалал эрс ихэссэн бөгөөд 24 цагаар тулж ажиллажээ. Тиймээс энэ сарын 1-10-ныг хүртэл ажилчдаа амраах зорилгоор 24 цаг гараад 48 цаг амардаг байдлаар ажлыг нь зохицуулсан байна. Харин хөл хориог чангатгаад өрх бүрээс шинжилгээ аваад эхлэхээр ажлын цагийг нь буцаан 24:24 болгох ажээ.

Э
МЯ-наас тус эмнэлгийг 400 ор бэлдэх шаардлагатай гэсэн тул Элэгний тасгаа бэлдсэн бөгөөд өрх бүрээс шинжилгээ авахаар өвчлөл ихэснэ гэж тооцоолон бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

ХӨСҮТ-ийн хувьд Хүчилтөрөгчийн үйлдвэртэй болох нэн шаардлага байгаа учраас энэ ажлыг шийдвэрлэхээр болж өмнөх сайдын үед Ажлын баг байгуулагдсаныг одоогийн сайд үргэлжлүүлэн ажиллуулж байгаа аж. Үүнд салбар хариуцсан сайдын хувьд анхаарч ажиллана гэдгээ С.Энхболд сайд илэрхийллээ. 


Холбоотой мэдээ