Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг буурууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-06-08 09:08:46

ВАШИНГТОН. /Xinhua/. Ашигт малтмалаар баян улс орнуудын эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгаагаас шалтгаалан дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлтийн урьдчилсан  таамгаа Дэлхийн банк 2.4 хувь болгон буурууллаа.

Өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан урьдчилсан таамгаа 0.5 хувиар бууруулснаа тус банк мягмар гарагт гаргасан тайланд дурджээ. 

Түүхий нефть болон бусад түүхий эдийн үнийн уналт нь ашигт малтмал экспортлогч орнуудад цохилт болж байгаа бөгөөд энэ нь дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулах болсон гол шалтгаан ажээ.

Шинээр гарч ирж буй болон хөгжиж буй эдийн засгуудын өсөлтийн урьдчилсан таамгийг 0.6 хувиар бууруулан 3.5 хувь болгожээ.

Шинээр гарч ирж буй томоохон зах зээлийн эдийн засгууд дотроос БНХАУ-ын эдийн засаг энэ онд 6.7, Энэтхэгийнх 7.6 хувиар өсөх төлөвтэй байгаа бол Бразил болон ОХУ-ын эдийн засаг 4 болон 1.2 хувиар тус тус буурах төлөв харагдаж байна.

АНУ-ын эдийн засаг энэ онд 1.9 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь өмнөх урьдчилсан таамгаас 0.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Хөгжингүй улсууд орлогоо нэмэгдүүлж, төсвийн болон мөнгөний бодлогын орон зайгаа сэргээхийн тулд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд шинэчлэлт хийх хэрэгтэй гэж уг тайланд зөвлөжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ