Халдлагатай холбоотойгоор Казахстаны Сенат мэдэгдэл гаргалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-06-07 18:14:27

АСТАНА. /TASS/. Актобе хотод зэвсгийн дэлгүүрүүд болон Үндэсний гвардийн цэргийн анги руу довтолсон явдал нь “дээрмийн жигшүүрт халдлага мөн” гэж өнөөдөр Астана хотод Казахстан улсын парламентын дээд танхим болох Сенатын гишүүдийн гаргасан мэдэгдэлд зэмлэн буруушаажээ.

“Сенатын гишүүд бид дээрэмчдийн увайгүй харгис үйлдлийг жигшин зэвүүцэж байна. Манай улсын дотоод улстөрийн тогтвортой байдлыг ганхуулахын тулд террорист халдлага үйлдэх нь байж болшгүй зүйл” хэмээн парламентын депутатууд үзэж байна.

Уг мэдэгдэлд дурдахдаа “Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын удирдлага дор түүхэн богино хугацаанд Казахстан улс нийгэм-эдийн засгийн болон ардчилсан хөгжлийн замдаа олсон амжилтыг дэлхийн хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч, манай улс дэлхийн тавцанд нэр хүндтэй улс орон болсон нь олон үндэстний эв нэгдлийн ач тус юм” гэжээ.  

“Ариун Рамадан сар эхлэхийн өмнөхөн шүтээнийг дайрч доромжилсон энэ үйлдэл нь шашинтай ямар ч холбоогүй бөгөөд манай иргэдийн амгалан тайван байдал, сайн сайхан амьдралын эсрэг чиглэсэн дээрэмчдийн жигшүүрт халдлага байсан” гэж Казахстаны парламентын гишүүд үзэж байна.

Сануулан дурдахад, 6 дугаар сарын 5-ны өдөр хэсэг этгээдүүд Казахстаны нутгийн баруун хэсэгт орших Актобе хот дахь /хуучнаар Актюбинск хот/ зэвсгийн дэлгүүрүүд болон Үндэсний гвардийн цэргийн анги руу халдсаны улмаас 6 хүн, тэдний дотор 3 цэргийн албан хаагч амиа алдаж, 38 хүн шархадсан байна. Дотоод хэргийн яамны мэдээллээр, терроризмын эсрэг ажиллагаа явуулах явцад 13 гэмт хэрэгтнийг устгаж, дөрвийг нь шархдуулжээ. Мөн халдлага үйлдсэн хэрэгт холбогдуулан 8 хүнийг баривчилсан байна.  

Актобе-д явуулж буй бүх ажиллагааг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев биечлэн хянаж байна.

Х.Сарнай


 

 

Холбоотой мэдээ