Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-29 15:13:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээр ахлуулсан  холбогдох байгууллагын удирдлага, Москва хотын Засгийн газрын харьяа “МосТрансПроект” Нийтийн тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнтэй “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлаар хамтарч ажиллах” нь сэдвээр хуралдлаа.


1948 онд байгуулагдсан “МосТрансПроект” нийтийн тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн Москва болон бусад томоохон хотын трамвай, троллейбусны зам, шугамыг шинээр барих, сэргээн засварлах, гэрлэн дохионы сүлжээ, тээврийн хөдөлгөөний удирдлагын автоматжуулсан ухаалаг систем бий болгожээ. Түүнчлэн авто замын түгжрэлийг бууруулах цогц шийдэл боловсруулж, орчин үеийн дэд бүтэц бүхий хотын нийтийн тээвэр, дугуйн, явган хүний болон төмөр зам зэрэг төслийн зураг төслийг боловсруулсан туршлагатай юм.


Тус хүрээлэнгийн нэгдүгээр орлогч дарга Горелов Станислав Олегович “Улаанбаатар хотын зам тээврийн стратегийн боловсруулалт”-ын талаар танилцууллаа. Улаанбаатар хотын тухай өөрсдийн цуглуулсан мэдээ, мэдээлэлд үндэслэн математик загварчлал гаргаж, хотын түгжрэлийг бууруулах санал боловсруулж, зөвлөмж гаргажээ.


Зөвлөмжид Улаанбаатар хотод хэрэгжүүлэх шаардлагатай замын хөдөлгөөний оновчтой зохицуулалт, гэрлэн дохио, телекамерийн удирдлага бүхий нэгдсэн систем, хяналт, гудамж, замын сүлжээг хөгжүүлэх зэрэг стратегийн элементүүдийг тодотгожээ.


Мөн хүрээлэнгийн Бүс нутгийн хамтын ажиллагааны зөвлөх Саакян Сергей Сергеевич “Хотын зам тээврийн ухаалаг системийг бүрдүүлэх нь” сэдвийн хүрээнд Тула хотод хэрэгжүүлсэн зам тээврийн ухаалаг системийг танилцууллаа. Зам тээврийн ухаалаг нэгдсэн систем нь авто машины тоо, хурд, нийтийн тээврийн автобусны тоо, зогсоолд ирэх, хөдлөх, зам засвар, замын хөдөлгөөний зөрчил, ослын шалтгааны мэдээлэл зэргийг агуулсан бүрэн автомат юм.


Зам тээврийн ухаалаг системийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр хүний амь эрсэдсэн зам тээврийн осол 15, төвийн бүс дэх тээврийн сүлжээний ачаалал 12, хяналтын камерын төхөөрөмж суурилуулсан хэсэгт замын хөдөлгөөний дүрэм зөрчилтийн тоо 20 хувь буурна хэмээн танилцуулав. 

Холбоотой мэдээ