Ханх суманд 149 удаа 3,5 магнитудаас дээш хүчтэй газар хөдөлжээ

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-01-28 14:20:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт өнөөдрийн 12.00 цагийн байдлаар, нийт 15 697 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүний 149 нь 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байв.


Байгалийн энэ үзэгдэл нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш ийнхүү давтан үргэлжилсээр байгааг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.


Тус газар хөдлөлт нь голомтдоо VII-VIII баллын чичирхийлэл үүсгэсэн бөгөөд газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалт нь Хөвсгөл аймгийн төвд хадан хөрсний хувьд IV-V балл, Улаанбаатар хот орчмын хадан хөрсний хувьд III-IV балл болохыг тодорхойлжээ.


Газар хөдөлсөн хэсэг нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар VIII  баллын бүсэд хамаардаг. Энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байв.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна.

Холбоотой мэдээ