МУЗН малчдад 735 сая төгрөгийн тусламж үзүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-28 10:29:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны хамтарсан 2 дахь ээлжийн хүмүүнлэгийн тусламжийн цуваа орон нутаг руу өчигдөр хөдөллөө.


ЦУОШГ-аас гаргасан зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын өндөр эрсдэлтэй аймгийн малчдад үзүүлэх тусламж Ховд, Завхан, Архангай, Булган, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Төв зэрэг 14 аймгийн 60 сумын 740 өрхөд хүрэх юм.


Тусламжийн хүрээнд нэг өрхөд 240 000 төгрөг, 127 750 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багц олгоно.

Малын эрдэс тэжээлийн нэг өрхийн багцад эрдсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш зэрэг зүйлс багтжээ.


Зудын нэн өндөр эрсдэлтэй зургаан аймгийн 53 сумын 1260 малчин өрхөд тусламж хүргэх эхний цуваа энэ сарын 11-нд гарч байв.


Монголын улаан загалмай нийгэмлэг энэ оны нэгдүгээр сард нийтдээ 20 аймгийн 113 сумын 2000 малчин өрхөд 735 500 000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна.

 

Холбоотой мэдээ