Буудлагын тамирчид Токиог зорих хамгийн олон эрхийг аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-27 13:49:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны олимпын наадамд ганцаарчилсан спортын төрлөөс оролцох хамгийн олон албан ёсны эрхийг аваад байгаа төрөл бол буудлагын баг тамирчид юм.


Спортын мастер Ц.Анударь БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулсан тэмцээний хийн гар бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд өрсөлдөж, зургадугаар байрт шалгарч баг тамирчдаасаа хамгийн анх Токиогийн олимпын эрхээ авсан билээ. Тэрбээр 22 настай бөгөөд  2017 оноос эхлэн насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож байгаа юм.



Улмаар эрэгтэйчүүдийн гар бууны 10 метрийн дасгалд Э.Даваахүү олимпын эрх өвөртөлсөн. Тэрбээр, Дэлхийн цомын цуврал тэмцээнд шагналт тавдугаар байрт орж, Токиог зорих эрхтэй болсон. ОУХМ Э.Даваахүү ДАШТ-ээс хос хүрэл, 2015 онд Дэлхийн оюутны Зуны универсиад наадмаас ганцаарчилсан төрлөөс алтан медаль хүртэж, багийн төрлөөс мөнгөн медальтай ирсэн шилдэг тамирчин бөгөөд 2008 оноос хойш тасралтгүй энэ спортоор хичээллэж байна.



Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа “Токио-2020” олимпын эрхээ авсан юм. Тэрбээр,  Катарын Доха хотноо болсон буудлагын спортын Ази тивийн АШТ-ий 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор олимпын эрх авснаар зуны олимпын наадамд 7 дахь удаагаа оролцохоор болсон.



Катарын Доха хотноо олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд О.Есүгэн 626,5 оноогоор 13 дугаар байр эзэлсэн. Харин түүний өмнө жагссан Энэтхэг, БНСУ-ын гурав, гурван тамирчин болон эрхээ авсан тамирчид медальт байрт шалгарсан тул Монголын тамирчин О.Есүгэн олимпын наадмын эрхээ авч чадсан юм.



Мөн Паралимпын Пара буудлага спортын төрлөөр З.Ганбаатар Токиогийн паралимпын наадамд оролцох эрхийг авсан юм. Тэрбээр 38 настай бөгөөд АНЭУ-д болсон Дэлхийн цомын АШТ-ий эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд 542 оноогоор шигшээд шалгарсан амжилтаар уг эрхийг хүртсэн.


Ташрамд сонихуулахад, Өнгөрсөн оны төгсгөлд Олон улсын буудлага спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал болж тус холбооны салбар зөвлөлийн гишүүдээ сонгоход Монголоос 3 хүн сонгогдсон. Тодруулбал, МБСХ-ноос 6 салбар зөвлөлд гишүүдээ нэр дэвшүүлсэн юм байна.



Тэднээс Азийн буудлагын холбооны допингийн зөвлөлийн гишүүн, Олон улсын буудлагын холбооны эмнэлэг хяналтын зөвлөлийн гишүүн  Н.Цогтсайхан дахин сонгогдож, МБСХ-ны УЗ-ийн гишүүн П.Тунгалаг тогтвортой байдлын салбар хороонд,  харин МБСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Лхамсүрэн ''Target Sprint'' салбар зөвлөлд тус тус сонгожээ.





Холбоотой мэдээ