Увс аймагт хөл бөмбөгийн спорт эрчимтэй хөгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-26 16:00:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос 21 аймгийн хөл бөмбөгийн холбоодын үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа ажлын талаар цувралаар танилцуулж байна.


Энэ удаа Монгол Улсын хамгийн баруун хязгаар нутгийн нэг Увс аймгийн Хөл бөмбөгийн холбооны талаарх мэдээлэл хүргэж байгаа юм. Увс аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүнээр Очирбат овогтой Ганцоож, Ерөнхий нарийн бичгийн даргаар Дамдинсүрэн овогтой Бэгзжав ажилладаг.


Тус холбоог 2010 онд үүсгэн байгуулж Увс аймагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, чадварлаг тамирчдыг бэлдэн гаргах, хөл бөмбөгийн спортоор дамжуулан хүүхэд багачуудыг эрүүл чийрэг бие бялдартай болгох, зөв хүмүүжил олгох, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажилд хувь нэмэр оруулах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж байна.


Увс аймгийн ХБХ-той хамтран ажиллагч байгууллагуудыг танилцуулбал, Монгол Улсын Сангийн яам, Хурд групп, Аймгийн ЗДТГ, Улаангом сумын ЗДТГ, Ундарга Увс ХХК, ТНХ Компани, ББЭХС ТӨХК, Мөнхжим Өргөө ХХК, Амарсанаа ХХК, Ус-Эрдэнэ ХХК, Увс аймаг дахь Хас банк юм байна.



Мөн Япон Улсын Ойта мужийн “Хигаши Роутари” клубтэй 5 жилийн хугацаанд хамтран ажиллажээ. Энэ хүрээнд жил бүр “ROUTARY CUP” ЕБС-уудын АШТ-ийг зохион байгуулан, сургуулиудад хөл бөмбөг, хэрэгслэл, бэлтгэлийн хувцас зэрэг нийт 5 сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг шагналд зориулсан байна.


Увс аймаг 2020 онд 40х20 Мини стандарт хөл бөмбөгийн талбай болон 106х73 стандарт хэмжээ бүхий хөл бөмбөгийн талбайтай болжээ.


Тус холбооны баг тамирчдын амжилтаас дурдвал, Үндэсний цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт 2, мөнгө 2, хүрэл 2, Бүсийн АШТ-ээс алт 1, мөнгө 2, MAGIC BALL тэмцээнээс 2015 онд хүрэл медаль хүртжээ. Мөн U15, U17 насны Футзалын бүсийн АШТ-ээс мөнгөн медаль хүртээд байгаа аж. 

Холбоотой мэдээ