Хурандаа Ш.Гантулга: Цэргийн сургалт бэлтгэлийг тасралтгүй явуулах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-01-22 13:14:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын газар, хэлтсүүд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Төрлийн цэргийн командлалууд болон нэгтгэл, ангиудтай цахимаар пүрэв гарагт хуралдаж, 2021 оны сургуулийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарах талаар мэдээлэл өгч, харилцан ярилцсан байна.


ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга тэргүүтэй албаныхан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын сургалтын офицеруудад тодорхой асуудлуудаар үүрэг чиглэл өгөв.


Тэрбээр, Цар тахлын нөхцөл байдлаас үүдээд цэргийн сургалт бэлтгэлүүд тасалдаж байгааг дурдаад, цаашид хязгаарлагдмал хүрээнд болон техник технологийг ашиглан тасралтгүй явуулахад бүх түвшиндээ анхаарах шаардлагатайг онцолсон юм. Ялангуяа, тухайн цэргийн алба хаагч ажлын байрандаа эсвэл гэртээ бие бялдрын бэлтгэлжилт, үүрэг гүйцэтгэх чадавхаа нэмэгдүүлэхэд нь сургалтын офицерууд манлайлж ажиллахыг үүрэг болгосон. Мөн цэргийн сургалт бэлтгэлийн баримт бичгүүдэд өөрчлөлт орж байгаа талаар тодорхой мэдээлэв.


Хурандаа Ш.Гантулга: “Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ой тохиож байгаа энэ үед Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактикийн тэмцээнийг 5 дугаар сард, Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш тактик-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 6 дугаар сард тус тус зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Уг уралдаан тэмцээний журмуудад өөрчлөлт орсон” гэв.


Мөн цэргийн хүний үндсэн хөдөлмөр сургалт бэлтгэл, үүнийг тасралтгүй явуулахад сургалтын офицерууд манлайлж ажиллахыг үүрэг болгов.

Холбоотой мэдээ