Хятад улсыг буруутгахаа зогсоохыг АНУ болон Японоос шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-06 11:38:13

БЭЭЖИН. /Prensa Latina/. Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааанд Хятад улсыг буруутгахаа зогсоохыг Хятадын Гадаад хэргийн яам АНУ болон Японоос шаарджээ.

Гадны улсууд манай улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийх ёсгүй гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чюньин АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Эштон Картер болон Японы Батлан хамгаалахын сайд Ген Накатани нарын Сингапурт болсон аюулгүй байдлын зөвлөгөөний хэлсэн үгний хариуд мэдэгдсэн байна. 

Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой аливаа маргааныг уг маргаанд татагдан орсон талуудын хооронд харилцан яриа, хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг Хятад улс баримталж байгааг Хуа Чюньин онцлон тэмдэглэлээ.

Мөн тэрбээр хэлэхдээ, маргаантай бүс нутагт хамааралгүй бусад улс орнууд тус бүс нутаг дахь улсуудын хооронд үүссэн маргалдаанд хутгалдан орж, асуудлыг хурцатгахгүй байхыг уриалсан байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ