БГД-ийн Эрүүл мэндийн төв PCR шинжилгээний лабораторитой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-17 13:23:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өдөрт 2000 орчим сорьц шинжлэх хүчин чадалтай PCR шинжилгээний лабораторийг Баянгол дүүрэгт ашиглалтад орууллаа.


“COVID-19” халдварын үед ЭМЯ-наас тандалт, судалгаа, тусламж, үйлчилгээний чиглэлээр молекул биологийн лабораторийг дүүргүүдэд байгуулж буй. Энэ долоо хоногт Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-д шинэ лаборатори ашиглалтад оруулсан юм.

Шинэ лабораторийн бэлэн байдал хангасан эсэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх орчинг бүрдүүлсэн байдлыг шалгаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, БГДЭМТ-ийн дарга З.Балдандугар, УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга Ж.Саранцэцэг болон албаныхан БГДЭМТ-ийн Эмүжин эмнэлэгт ажиллалаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “Улсын хэмжээнд молекул биологийн лабораторийг нэмж, өдөрт хийх шинжилгээний тоог нэмэгдүүлэх зорилгоор аймаг, дүүргүүдэд PCR шинжилгээний лабораторийг үе шаттай байгуулж байна. Нийслэлийн дүүргүүдийн хувьд 4 дэх дүүрэг лабораторитой болж байна. Удахгүй Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүрэгт лаборатори ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Коронавирусний халдварын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд PCR шинжилгээ хийх хүчин чадал, тандалт, судалгааны ажлууд, зохион байгуулалт болон халдвартай иргэдийн эмчилгээ, эмнэлгийн тусламжийн асуудалд төвлөрч ажиллаж байгаа. Тиймээс цаашид бид хүчин чадлаа нэмж, хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хэрэгжилтээ хийнэ” гэв.

Мөн энэ үеэр УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга Ж.Саранцэцэг “Молекул биологийн лаборатори нь анагаах ухаан дотроо хамгийн нарийн өндөр ур чадвартай мэргэжилтэн шаарддаг, барилга байгууламж, дэд бүтцийн хувьд ч шаардлага өндөртэй. Тус лабораторийг зөвхөн ковидын үед гэлтгүй халдварт өвчин, вирусийн халдварууд, генетикийн өвчин үүсгэж байгаа өвчлөлийн генийг илрүүлж болох зэрэг өндөр ач холбогдолтой” гэлээ.


Өнөөдрийн байдлаар, Баянгол дүүргийн хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх PCR шинжилгээг дөрвөн байршилд авч байна. Хойшид эдгээр байршлын бүх сорьцыг тус лабораторид шинжлэх юм. Лабораторийн бэлтгэл ажлыг хангахад ЭМЯ-ны “Лабораторийн салбар зөвлөл”-ийн гишүүд мэргэжил арга зүйгээр дэмжжээ.



Холбоотой мэдээ