Зургаан аж ахуйн нэгжид төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх албан даалгавар хүргүүлнэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-15 11:36:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнгөрсөн сарын 17-ны өдөр “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, зээлд хамрагдсан төслүүдийн хэрэгжилтийг шалгахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм.

Өгсөн үүрэг даалгаврын дагуу аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Х.Алдаберген, Хүнс, хөдөө аж ахуйн газрын албаны дарга А.Гүлжан, мэргэжилтэн С.Лара, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын аймаг дахь салбарын захирал Х.Муратай нар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан 15 аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүнг аймгийн Засаг даргад танилцууллаа.

Шалгалтын явцад зээл авсан төслийн хэрэгжилт хангалтгүй 6 аж ахуйн нэгж тогтоогдсон байна. Тухайн аж ахуйн нэгжүүдээс шалтгааныг тодруулахад улирлын нөхцөл байдлаас шалтгаалан зогсонги байдалтай байгаа, цар тахлаас болж боловсруулах бараа таваараа татаж чадаагүй хэмээн тайлбарлажээ.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан шалгалтын дүнтэй танилцаж, үйл ажиллагаа нь хангалтгүй байгаа дээрх зургаан аж ахуйн нэгжид төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх албан шаардлага хүргүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Ташрамд сануулахад, 2019 онд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас Баян-Өлгий аймгийн 17 иргэн, аж ахуйн нэгжид 952,8 сая төгрөгийн зээл олгосон юм.

Холбоотой мэдээ