Хувиараа хөдөлмөрлөгчдийн 40 хувь нь түрээсийн төлбөрөө хойшлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-13 13:36:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого "COVID-19" цар тахлын хатуу хөл хорионы үед 97 хувиар буурсан нь судалгаа, зөвлөх үйлчилгээний "Эс Ай Си Эй" (SICA) компаниас хийсэн судалгаагаар гарчээ. 

“Хатуу хөл хорионы үеийн албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нөхцөл байдлын судалгаа"-нд хамрагдсан 4 албан бус хөдөлмөр эрхлэгч тутмын 3 нь түрээсийн төлбөр төлдөг байна. Хөл хорионы үед 40 орчим хувь нь түрээсийн төлбөрөө түрээслэгчтэйгээ ярилцаад хойшлуулсан бол, 30 хувь нь огт төлөөгүй, хугацаа хэтрээд байгаа гэж хариулжээ.

Судалгаанд оролцогчдын 61.6 хувь нь зээлтэй байгаа бол, тэдний 55.7 хувь нь хатуу хөл хорионы үед зээлээ төлж чадахгүй нөхцөлд орсон байна.


Албан бус хөдөлмөр эрхлэгчид хамгийн багадаа 6 жил үйл ажиллагаа явуулсан бөгөөд гэр бүлээр хамтран ажиллах нь түгээмэл байна. Судалгаанд оролцогчдын 40 орчим хувь нь өөрөөсөө гадна дунджаар 4 ажилтан ажиллуулж байжээ. Хатуу хөл хорионы үед ажилтнуудаа цалингүй амраасан тохиолдол их байна. 


Судалгаанд оролцогчид зээлийн хүүг бууруулах, зээл төлөлтийг хөнгөрүүлэх, түрээсийн төлбөрт хөнгөлөлт, зохицуулалт хийх зэрэг туслалцаа дэмжлэгийг төр засгаас илүүтэй хүсэж байгаагаа илэрхийлжээ. Судалгааг нийслэл Улаанбаатар хотын 6 дүүргийн нийт 401 өрхөөс түүвэрлэн авчээ. 



Холбоотой мэдээ