Нидерландад хөл хориог сунгажээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-01-13 09:55:40

АМСТЕРДАМ. /Reuters/. Нидерландад коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд тогтоосон хөл хориог ирэх хоёрдугаар сарын 9 хүртэл гурван долоо хоногоор сунгалаа гэж тус улсын Ерөнхий сайд Марк Рютте мягмар гарагт мэдэгджээ.


“Халдварын үзүүлэлтүүд урьдчилан тооцоолж байсны дагуу буурахгүй байгаагийн зэрэгцээ Их Британид илэрсэн хувилбартай тэмцэж байгаа тул хөл хориог сунгахаас өөр сонголт байхгүй байна. Бид шинэ хувилбар тархсанд ихээхэн санаа зовниж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Нидерландад өнгөрсөн 12 дугаар сарын 14-нөөс тогтоосон хөл хорио нэгдүгээр сарын 18 хүртэл хэрэгжих байсан юм. Энэ удаа хөл хорио тогтоохдоо 2020 оны хавар халдварын эхний давлагааны үеэр мөрдсөнөөс илүү хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлжээ. Тодруулбал, өмнө нь онцын шаардлагагүй дэлгүүрүүд ажиллаж байсан бол одоо хаалттай байгаа юм.


Нидерландад халдварын үзүүлэлтүүд буурах хандлага ажиглагдаж байгаа боловч өндөр хэвээр байгаа ажээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 5-12-ны хооронд халдварын 49398 шинэ тохиолдол илэрчээ. 

Холбоотой мэдээ