Ардчилсан намынхан Трампыг АНУ-ын эсрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгав

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-01-13 09:51:23

ВАШИНГТОН. /RТ/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Капитолыг булаан авахад өдөөн турхирч улс орныхоо эсрэг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн учир огцрох ёстой гэж Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хорооноос бэлтгэсэн импичмент зарлах тухай баримт бичигт дурджээ.


"Ерөнхийлөгч Трамп 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүй болгохыг оролдож, Капитолд жагсагчдыг өдөөн турхиран улс орныхоо эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэж, хууль зөрчсөн. Түүнийг албан тушаалаа нэг өдөр ч хаших чадамжгүй гэдгийг баримтууд нотолж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Трампыг албан тушаалаас нь огцруулж, хариуцлага тооцохыг шаардаж байна" гэж тус хорооны дарга Жеррольд Надлерын нийтэлсэн баримт бичигт дурдсан байна.


Харин Трамп лхагва гарагт мэдэгдэхдээ, Ардчилсан намынхан өөрт нь импичмент зарлах гэж байгааг “хамгийн том, хамгийн хорсолт башир арга” гэжээ.


Өнгөрсөн лхагва гарагт Вашингтонд болсон жагсаалын үеэр Дональд Трамп дэмжигчдэдээ хандан Капитолд очиж, "сул дорой бүгд найрамдахчуудад сонгуулийн дүнг эсэргүүцэхэд нь туслахыг" уриалсан юм. Жагсагчид Капитолын ордон руу дайран орж, ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлах Конгрессын хамтарсан хуралдааныг тасалдуулсан билээ. Эмх замбараагүй байдлын үеэр таван хүн амиа алдсан юм.

Холбоотой мэдээ