Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Үнэн зоригт ханы хошуу захирах тамга

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-01-04 09:55:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үнэн зоригт ханы хошуу захирах тамгыг цул мөнгөөр цутгасан 10х10 см хэмжээтэй дөрвөлжин суурьтай, 10 см өндөр, 2955 кг жинтэй. Суурийн дээр ирмэгийг шатлан давхар ховил гаргаад төвд нь хос эрдэнэ бүхий бариул үйлджээ.


Тамганы улыг нарийн хөмөг хүрээтэй төв хэсэгт нь Богд хаант улсын төрийн соёмбо сийлжээ. Соёмбын зүүн баруун талыг дагуулан “Дөрвөдийн Үнэн зоригт Ханы хошуу захирах тамга” хэмээх үгийг монгол бичгээр сийлсэн байна. Мөн тамганы их биеийн дээр бариулын хоёр талд “Олноо өргөгдсөний 2-р он хар хулгана жил ёслолын хэрэг хавсаргах дотоод яамнаа үйлдэв” хэмээн бичжээ.


1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа Манж чин улсын захиргаанд байсан бүх Монголчуудаа нэгтгэсэн Монгол улс байгуулахыг зорьж Ховдын хязгаарын олон хошууд (Дөрвөд, Баяд, хойд Захчин, Өөлд, Мянгад, Урианхай, Торгууд), мөн Барга, Цахар, өвөр Монгол, дээд монгол, Шинжааны монголчууд, тагна Урианхай, хөвсгөл нуур урианхай, Дарьгангад албан бичиг хүргүүлж улмаар 1912 онд Дөрвөдийн хоёр аймгийн олон хошууд дагах хүсэлтээ илэрхийлснийг Монгол засгийн газар хүлээн авч Монгол улсад нэгтгэж хошуу захирах мөнгөн тамга олгожээ.  

Дөрвөдийн Үнэн зоригт ханы хошуу өнөөгийн Монгол Улсын Увс аймгийн Өмнөговь, Өлгий, Наранбулаг, Тариалан, Ховд аймгийн Дөргөн сумын нутаг юм.  

Хошуу захирах болон хутагтын тамга үйлдэх тухай Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичигт “...Нэгэн зүйлд олон засаг хутагтын шавь нарыг захирах тамга өөр өөрийн наян лан (1 лан-37.5 гр) мөнгийг хэрэглэнэ. Дөрвөлжин тийш гурван ямх (гарын хурууны 1-р үеэс хурууны үзүүр хүртэлх зай, уртын хэмжүүрийн нэр, нэг ямх нь 32 мм орчим), гурван пүн (уртын хэмжээ, нэг ямхыг арав хуваасны нэг хувь), зузаан тийш зургаан пүн, бариулд хос эрдэнэ. Бариулын өндөр тийш хоёр ямх дөрвөн пүн, тамганы төв хэсэгт цөм соёмбын эвам, зүүн барууны этгээд монгол үсэг сийлэгтүн. Үсэг журмыг Дотоод яамнаас тогтоож айлтгаад зарлиг буулгасны хойно тамга цутгах газарт тушааж цутган үйлдүүлэгтүн. Аливаа тамганы үсгийг халж олгуулбаас зохих эсвээс он удаж үсэг балархай болбоос зарлигийг гуйн айлтгаад халж олгуул. Хуучин тамгыг битүүмжлэн Дотоод яаманд хүргүүлж ирүүлээд эвдэж санд хураалгахтун” [Зарлигаар тогтоосон Монгол улсын 30-р дэвтэр] хэмээжээ.


Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг болон зарим архивын баримтаас үзэхэд Олноо өргөгдсөний 2-р он буюу 1912 онд Дөрвөдийн баруун гарын Үнэн зоригт хааны хошуу захирагч Содномжамцойд Засаг, хошой чин ван, үе улиран, Үнэн зоригт ханы хэргэм хошуу захирах мөнгөн тамга олгосон байна. Тус тамгыг Содномжамцой ноён 1912-1925 он хүртэл албан хэрэгт хэрэглэжээ.


Ардын хувьсгал ялсны дараа 1925 онд Содномжамцой ноён ардын засгийн шийдвэрээр хамжлага захирах эрхээ цуцлуулж хошуу захирах тамгаа хураалгасан бололтой. Мөнгөн тамга болон өргөмжлөл зэргийг Судар бичгийн хүрээлэнд хүргүүлсэн тухай архивын нэгэн баримтад “Дотоод явдлын яамнаас 1927 оны 4-р сарын 15-ны өдрийн 169 тоот тушаалаар тус яамнаас Судар бичгийн хүрээлэнгийн газарт урьд засаг ноён, Чин улс ба автономитын үед олгосон мөнгөн тамга, өргөмжлөл зэргийг жагсаалтаар хүргүүлэв. Эрхэлсэн түшмэл Цэвээнпил. . .” хэмээжээ. Ийнхүү Дөрвөдийн Үнэн зоригт ханы хошуу захирах мөнгөн тамга тухайн үеийн Судар бичгийн хүрээлэнд очсон байдаг аж.


Холбоотой мэдээ