Ларри Кинг коронавирусний халдвар авч эмнэлэгт хүргэгджээ

Дэлхийд | Соёл урлаг
Jargal.d@montsame.mn
2021-01-03 10:04:39

НЬЮ-ЙОРК. /TASS/. Алдарт хөтлөгч Ларри Кинг коронавирусний халдвар авч эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай "CNN" телевиз мэдээлжээ. 


Тус телевизээр мэдээлснээр, өдгөө 87 настай хөтлөгч Лос-Анжелес хотын (Калифорни муж улс) нэгэн эмнэлэгт долоо хоног эмчилгээ хийлгэж байгаа аж. Кингийг тусгаарласан байгаа бөгөөд хүүхдүүд нь ч, гэрлэлтээ цуцлуулахаар өнгөрсөн жилийн зун өргөдөл гаргасан эхнэр Шон нь ч эргэх боломжгүй байгааг "CNN" телевиз нөхцөл байдлын талаар мэдэж буй эх сурвалжуудийн мэдээллээс иш татан тэмдэглэсэн байна.


Өмнө нь Кинг эрүүл мэндийн хувьд хэд хэдэн ноцтой асуудалтай байсан билээ. 1980-аад онд тэрбээр зүрхний шигдээсээр өвчилж, дараа нь түрүү булчирхайн хорт хавдар туссан ч ялж чадсан юм. 2017 онд  цээжний ясан дахь хорт хавдарг авах мэс засал хийлгэжээ.


Ларри Кинг (жинхэнэ нэр нь Лоуренс Харви Зейгер) 1933 оны 11 дүгээр сарын 19-нд Нью-Йоркт (Бруклин) Беларусь улсаас ирсэн еврей цагаачдын гэр бүлд төржээ. “Larry King Live” ток шоу нь “CNN” сувгаар 25 жилийн турш цацагдсан бөгөөд нэг сувгаар, хөтлөгчөө солилгүй хамгийн удаан үргэлжилсэн шоуны хувиар Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн билээ.


Янз бүрийн мэдээллээр, Ларри нийт 50-60 мянган хүнтэй ярилцлага хийжээ. Түүний ярилцагчдын дунд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин (2000, 2010), Михаил Горбачев (2008) нар, Ричард Никсоноос эхлээд АНУ-ын бүх Ерөнхийлөгч, мөн Маргарет Тэтчер, Мартин Лютер Кинг, Нельсон Мандела, Фрэнк Синатра, Марлон Брандо, Майк Тайсон, Стиви Уандер, Пол Маккартни нар байв. 2010 онд Кинг телевизээс явж байгаагаа зарласан боловч 2013 оноос “Larry King Now” нэвтрүүлгийг “RT America” сувгаар хөтөлж эхэлжээ. Тэрбээр мөн “Ora TV” телевизээр гардаг “PoliticKING” шоуг хөтлөн явуулдаг.


Нүдний шил, мөрөвч хоёроор нэрийн хуудас хийсэн Кинг 150 орчим кинонд өөрөө өөрийнхөө дүрд тоглосон бөгөөд хүүхэлдэйн киноны баатруудад нэг бус удаа дуу оруулжээ.

Холбоотой мэдээ