Л.Пүрэвсүрэн: Бид байгалийн баялгийн үнийн өсөлтөөс хатуу сургамж авсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-06-02 15:24:48

ТОКИО. /Nikkei/. Түүхий эдийн ханш унаж, уур уурхайгаас орж ирэх орлого буурсны улмаас Монгол Улсын эдийн засаг хүнд байдалд орсон билээ. Уг асуудлаар Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй Токио хотод болсон "Азийн ирээдүй" олон улсын бага хурлын үеэр ярилцлаа.

-Түүхий эдийн ханшийн уналт Монголын эдийн засагт хүнд цохилт болсон. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасан нь Монголд хүнд цохилт болсон. Монголчууд морийг хоёр ангилдаг. Нэг нь хол давхидаг, нөгөө нь хурдан давхидаг. Бидэнд илүү олон морь хэрэгтэй байна. Тодруулбал, бид зөвхөн уул уурхай гэлтгүй бусад салбараа ч мөн адил хөгжүүлэх хэрэгтэй.

Бид бусад зах зээлд нэвтрэхийн тулд эцсийн бүтээгдэхүүн буюу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Монгол Улс 60 гаруй сая малтай. Тиймээс бид энэ давуу талаа ашиглаж, хүнс, нэхмэл, арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Мөн хөдөө аж ахуйг хөгжүүлж, хүнсний бүтээгдэхүүнийг бусад зах зээлд нийлүүлэх боломжийг олгох 1.5 сая хав.дөр.км газар нутаг бидэнд байна.

Үүнээс гадна залуу, мэдлэгтэй хүн ам, ажиллах хүчин бий. Энэ бол Монголын эдийн засгийн ирээдүйд хамгийн чухал зүйл юм. Монголын Засгийн газар ард иргэддээ, боловсролын салбартаа ихээхэн хөрөнгө оруулж байгаа юм.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд ямар төлөвлөгөө боловсруулж байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд буюу түүхий эдийн ханш өндөр байх үед бид зарим нэг алдаа гаргасан. Монголд “байгалийн баялагтай холбоотой үндсэрхэг үзэл”-ийн /Баялгийн үндсэрхэл/ шинж тэмдэг илэрч, бид хууль тогтоомжоо байнга өөрчилж байсан. Хөрөнгө оруулагчдад Засгийн газрын тогтвортой байдал болон хөрөнгө оруулалтын таатай орчин их чухал байдгийг бид ойлгосон.

Бид томоохон сургамж авлаа. Одоо харин Монголд хөрөнгө оруулалт хийхэд таатай орчин бүрдсэн. Монголын аж ахуйн нэгжүүдийн орлогын болон НӨАТ 10 хувь, импортын татвар 5 хувь байдаг. Энэ бол бүс нутаг дахь хамгийн бага хувь хэмжээ юм.

Японы компаниуд хоёр улсын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан дээр дурдсан хөнгөлөлттэй нөхцлийн үр өгөөжийг хүртэх байх. Үүний зэрэгцээ энэ түншлэл нь технологи болон хөрөнгө оруулалтыг Монголд авчирна. Мөн Монгол Улс Японы үйлдвэрүүдийн нийлүүлэлтийн гинжин сүлжээний нэг хэсэг болно хэмээн найдаж байна.

-Монголын экспортын 90 хувь нь Хятад руу гардаг. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт суларсан нь Монголд хэрхэн нөлөөлсөн бэ?

- БНХАУ-ын эдийн засгийн өсөлт суларсан нь Монголын эдийн засагт нөлөөлсөн нь мэдээж. Бид худалдааны түншүүдээ төрөлжүүлэх нэн шаардлагатай. 11 дүгээр сард бид Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээ хийж эхэлсэн. Нэг жилийн өмнө Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгууллаа. Мөн АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар урьдчилсан шатны баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүний зэрэгцээ ОХУ руу хийж байгаа экспортоо нэмэгдүүлэх зорилготой байна.

Далайд гарцгүй манай орны хувьд дамжин өнгөрүүлэх тээвэр нэн чухал. Тиймээс бид Хятадын боомтуудад хүрэх тээврийн замыг ашиглах  талаар хоёр талын хэлэлцээрийг БНХАУ-тай байгууллаа. Үүний дүнд бид тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх юм. ОХУ-тай мөн ийм  гэрээ байгуулсан. Удахгүй Японтой нисэх онгоцны буудлын төсөл хэрэгжүүлж дуусах гэж байна.

-Олон улсын валютын сан энэ онд Монголын эдийн засгийн өсөлт 0.4 хувьтай байна гэж таамагласан. Энэ тухайд таны бодол?

-Би хувьдаа илүү гэрэл гэгээтэйгээр харж байгаа. Одоогийн эдийн засгийн байдал сайн байгаа гэж бодож байна. Энэ оны эхний улиралд бид үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн. Дэлхийн зарим орнууд, тэр дундаа манай түншүүдийн эдийн засгийн байдал сайн байна. Монголын эдийн засгийн өсөлт таамаглаж байгаагаас илүү өндөр байх болно гэж би өөдрөгөөр төсөөлж байна. Хэр хурдан хугацаанд эдийн засаг маань эргэн сэргэх вэ гэдэг л асуудал бий.

-Монгол Улс олон талт хамтын ажиллагааны платформ болох Азийн форумд оролцдог. Үүнтэй холбоотойгоор ямар нэг дэвшил гарч байна уу?

-Энэ бол урт хугацааны төсөл юм. Миний бодлоор жижиг орнууд эхэндээ хамт сууж, дараа нь том орнууд нэгддэг. Бидэнтэй бүс нутгийн түншийн хувиар хамтран ажиллах жижиг орнуудыг тодорхойлсон. Дунд хугацаанд бид 5 эвсэл, 6 орны дэд бүсийн зохицуулагч нартай хамтран ажиллана. Энэ нь ирээдүйн үндсэн бүлэг байх болно. Бид тинк-танк судалгааны байгууллагууд, эрдэмтэдтэй хамтран ажиллаад эхэллээ. Цаашид алхам алхмаар ахиж, Засгийн газруудтай хамтран ажиллах болно.

Дэлхийн II дайны дараа Европт юу болсныг бид сайтар ажигласан. Тухайн үед нэг бүс нутагт дайснууд оршиж байсан. Европт үндсэн гол механизмыг бий болгоход 40 жилийн хугацаа шаардлагатай байсан бөгөөд энэ нь жижиг болон төвийг сахисан Финланд, Швед зэрэг орнуудаас эхлэлтэй байдаг. Харин Азид энэ үйл явц илүү удаан явагдах байх гэж бид бодож байна.

-Монголд Хятадыг эсэргүүцэх хандлага байсаар байна. Зарим хүмүүс БНХАУ-Монгол хоёр эдийн засгийн харилцаагаа зузаатгах нь Монголын тусгаар тогтнолд аюултай гэж эмээж байна. Энэ нь санаа зовоох асуудал мөн гэж та бодож байна уу?

-Энэ бол ямар ч утгагүй асуудал гэж би бодож байна. БНХАУ Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус улсын удирдлагууд гэрээ хэлэлцээрүүдийг хүндэтгэхээ илэрхийлсэн. Бид гэрээ хэлэлцээрүүд байгуулж, хөрштэйгөө найрсаг харилцаатай хамтран ажиллаж байгаа.

Нөгөөтэйгүүр, БНХАУ хүчирхэг гүрэн бөгөөд эдийн засгийн нөлөө нь асар их. Монгол Улсад хүн бүр асуулт тавьж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нээлттэй. Хоёр орны хувьд  өнгөрсөн цаг үед үл итгэлцэх асуудал байсан. Гэхдээ бид үүнийг даван гарч чадсан билээ. Та ямар ч санал бодол, дуу хоолойг сонсч болно, энэ бол нээлттэй нийгмийн шинж тэмдэг юм. Бид энэ талаар, тухайлбал Монголд яагаад ийм хандлага байдаг, бидний хооронд хамтын ажиллагаа, итгэлцлийг хэрхэн бэхжүүлэх талаар Хятадын талтай байнга хэлэлцэн ярилцдаг.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ