Казахстан Улсын ЭСЯ-наас хэвлэлийн бага хурал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-26 14:47:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев тус улсад Парламентын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан энэ сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Цахимаар зохион байгуулсан уг хэвлэлийн бага хуралд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, "MNB World", "GoGo.mn", "Unuudur.mn", "Zindaa.mn", "UBS", "Kaznews.mn" зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сэтгүүлчид болон шинжээчид, улс төр судлаачид, хүний эрхийн төлөөх төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Элчин сайд Жалгас Адилбаев хэвлэлийн хурлын үеэр Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын нийт Казахстаны ард иргэдэд хандсан "Шинэ нөхцөл байдал дахь Казахстан: авч хэрэгжүүлэх арга хэмжээ» сэдэвт илгээлтийн тэргүүлэх чиглэлүүдийн талаар мөн танилцууллаа. Мөн тус улсад өрнөж буй ардчилсан шинэчлэл, олон намын тогтолцоог хөгжүүлэх, нийгэм, улс төрийн амьдралд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Парламентад сөрөг хүчнийг бий болгох, сонгуульд оролцож буй намын жагсаалтад эмэгтэйчүүд болон залуучуудад зориулсан 30 хувийн квот тогтоох зэрэг асуудлуудын хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Казахстан Улсын Парламент буюу мажилис, мөн орон нутгийн хурал /маслихат/-ын сонгууль ирэх оны нэгдүгээр сарын 10-ны өдөр болно. Сонгуулийг ажиглахаар гадаадын орнууд болон олон улсын байгууллагуудын 276 төлөөлөгч ажиглахаар тус улсын Сонгуулийн Төв хороонд бүртгүүлээд байгаа ажээ.  

Холбоотой мэдээ