Абэ, Моди, Моррисон нарыг Трамп "Хүндэт легион"-ы одонгоор шагнажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-22 12:24:46

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо, Энэтхэгийн Засгийн газрын тэргүүн Нарендра Моди, Австралийн Ерөнхий сайд Скотт Мориссон нарыг тус улсын цэргийн шагнал болох “Хүндэт легион”-ы одонгоор шагнажээ.


Энэ тухай Америкийн удирдагчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Роберт О'Брайен мэдээлжээ. Тэрбээр АНУ-д суугаа Япон, Энэтхэг, Австралийн Элчин сайд нарт шагналыг шилжүүлэн өгсөн байна. Японы Ерөнхий сайд асан Абэг “Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн чөлөөтэй, нээлттэй байдлыг хангахад оруулсан хувь нэмэр, алсын харааг нь” үнэлж уг одонгоор шагнасан бол Модид “Америк-Энэтхэгийн стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд манлайлсных нь төлөө”,  Моррисонд “дэлхийн нийтэд тулгарсан сорилт бэрхшээлүүдэд хариу арга хэмжээ авах, хамтын аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж” энэхүү шагналыг олгожээ. 


Холбоотой мэдээ