Зах, худалдааны төвүүд гамшгаас хамгаалах төлөвлөгөө батлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-09 14:09:22

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар болон Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, төлөөллүүд өнөөдөр зах, худалдааны төвийн удирдлагуудтай уулзалт хийлээ. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Ховд аймагт нэгдсэн халаалтын системд холбогдсон, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй зах, худалдааны төв, дэлгүүрийн үйл ажиллагааг нээж, ажиллах цагийн хуваарийг 9-22 цаг байхаар тогтоосон юм.    

Үүний дагуу Гамшгаас хамгаалах тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан баг зах, худалдааны төвд хэд хэдэн удаа хяналт шалгалт хийжээ.  

Энэ үеэр зах, худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахад зарим тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон. Мөн коронавирусний халдварын тархалтын үед баримтлах дэглэм, дүрэм журамтай холбоотой хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах тухай хэд хэдэн шаардлага тавьсан юм.   

Уулзалтын үр дүнд цаашид гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулан батлуулах, зах тус бүрийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавих эрх бүхий этгээдийг томилон ажиллахаар болов.  

Мөн мэргэжлийн байгууллагуудыг тогтмол мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд ашиглах тусгаарлах байр, өрөө бэлтгэх, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн нөөц бүрдүүлэх юм. 

Түүнчлэн ариутгал халдваргүйтгэлийг стандартын дагуу хийх, холбогдох хуульд заасны дагуу гамшгийн үед бараа үйлчилгээний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, түрээсийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байхад онцгой анхаарч ажиллах чиглэлийг албаны удирдах ажилтнууд өгөв. 

Аймгийн Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар хамтран шаардлага хангаагүй задгай захуудын үйл ажиллагааг хаах ажлыг зохион байгуулж байгаа нь аж ахуй нэгж, бичил бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарч, маргаан үүсээд байсан юм. Иймд тус уулзалтыг зохион байгуулснаар коронавирусний халдварын тархалтын үед баримтлах дэглэмийг сайтар мөрдөх замаар задгай захууд үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрчээ.  

Холбоотой мэдээ