Эрээн боомтод бөөгнөрсөн автомашины ачааг УБТЗ-ын вагоноор тээвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-08 15:38:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеэс эхлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН нь ЗТХЯ, ХХААХҮЯ-наас өгсөн үүргийн дагуу Монгол Улсад импортоор орж ирдэг хүнсний болон нэн яаралтай бараа бүтээгдэхүүний хангамжийг тасалдуулахгүй байх, нөөцийг бүрдүүлэхэд олон улсын тээврийг шуурхай зохион байгуулж байна. 


Энэ зорилгоор гадаад хамтын ажиллагааны хүрээнд хөрш орны төмөр замуудад хүсэлт тавьж Монгол Улс руу чиглэсэн хүнсний ачааг эхний ээлжинд вагонаар хангаж хилийн өртөө хүртэл тээвэрлэж  УБТЗ-д богино хугацаанд хүлээлгэн өгч байх асуудлыг шийдвэрлүүлсэн бөгөөд Орос, Хятадын төмөр замууд нь хэдийгээр ачаалал ихтэй байгаа ч ОХУ-аас улаанбуудай, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, БНХАУ-аас будаа, элсэн чихэр, сайжруулсан түлшний барьцалдуулагч зэрэг нэн яаралтай бараа бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэж хилийн өртөөд дээр авчирч байна. 


Мөн Замын Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо эрс багасаж Эрээн хотод ачааны хуримтлал бий болсонтой холбогдуулан зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх магадлалтай болоод байгаа талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу ачааг төмөр замын Эрээн өртөөнд автомашинаас УБТЗ-ын вагонд шилжүүлэн ачих асуудлыг Хятадын төмөр замтай урьдчилсан байдлаар тохиролцоод байна. Олон улсын төмөр замын хэлэлцээр, дүрэм, журмын дагуу Эрээн өртөөнд зөвхөн нарийн царигийн Хятад вагонд ачаа ачдаг бөгөөд хэдийгээр УБТЗ-ын вагонд ачих нь технологийн бус, тусгайлан тохиролцож шийдвэрлэх шаардлагатай техникийн олон асуудлууд байгаа ч шуурхай арга хэмжээ авч Хятадын төмөр замтай яриа хэлэлцээг яаралтай зохион байгуулсны үр дүнд хэрэгжихэд бэлэн болж бэлтгэл ажил хангагдаж байна. 


Цар тахлын онцгой байдлын үед улс орны нийгэм, эдийн засаг, гадаад худалдаа, экспортын орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй төмөр замын олон улсын тээврийг тасралтгүй зохион байгуулах нь нэн тэргүүний ажил юм. Энэ хүрээнд хөрш төмөр замуудын хилийн өртөөдтэй галт тэрэг дамжуулах, хүлээн авах технологийн зайлшгүй хэсэг болох харилцан нөгөө талынхаа хилийн өртөөнд очиж 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг төмөр замын ачаа тээвэр, техникийн агентуудаар халдвар зөөвөрлөгдөх эрсдлийг арилгаж галт тэрэгний хөдөлгөөнийг тасралтгүй явуулах зорилгоор хөрш төмөр замуудтай хамтран түр хугацаанд агентгүй, цахим сүлжээ болон бусад арга хэлбэрээр галт тэрэг дамжуулах түр технологийн журам боловсруулан хилийн Сүхбаатар, Замын-Үүд өртөөдөд хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр манай талын агентууд хил гарахгүй, нөгөө талын агентууд орж ирэхгүйгээр галт тэрэгнүүдийг солилцож байна. 

Холбоотой мэдээ