Мельбурн хотод үйлчилгээний ажилчдыг өргөн хүрээнд шинжилгээнд хамруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-12-08 12:24:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Коронавируст цар тахлын эсрэг явуулж буй улс орнуудын туршлагаас ЭМЯ-наас танилцуулж байгаа. Энэ удаад Австрали улсын Мельбурн хотын жишээг иш татав.


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт судлагаа шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэхдээ, "Мельбурн хотод буудалд байсан нэг хүний үйл ажиллагаанаас болж коронавирусний халдварын дэгдэлт энэ оны 6 дугаар сард гарсан. Халдварын дэгдэлт гурван сар үргэлжилсэн. Нэг халдварын дэгдэлт хамгийн багадаа ийм хугацаанд үргэлжилдэг байна. 


Мужийн засаг захиргаанаас коронавирусний халдварын дэгдэлтийг эсрэг хоёр гол хариу арга хэмжээг авсан.  Нэгдүгээрт хотод хатуу хөл хорио тогтоож, хотын иргэдийг гэрээсээ гарахыг хориглосон.  Өрх бүрээс тус бүр нэг хүн эмийн сан, хүнсний дэлгүүр, эмнэлэг явах зарчмыг мөрдүүлсэн. Үүний үр дүнд өвчлөлийн голомтыг богино хугацаанд цомхотгож чадсан бөгөөд хамгийн гол нь хүний бөөгнөрлийг сааруулсан байна. Тухайлбал, оршуулгын үйл ажиллагаанд 5-аас дээш хүн оролцохыг хоригложээ. 


Хоёрдугаарт, батлагдсан тохиолдолтой ойр харьцсан хүмүүсийг богино хугацаанд илрүүлж, маш сайн тусгаарласан.

Үйлчилгээний ажилчдыг өргөн хүрээнд шинжилгээнд хамруулсан. Ялангуяа банк, дэлгүүрийн ажилчдыг түлхүү хамруулж, шинжилгээнийх нь хариу эерэг гарсан хүнийг тусгаарлах арга хэмжээ авчээ.


Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд мужийн засаг захиргаанаас гаргасан шийдвэрийг ард иргэд  маш сайн биелүүлсэн учраас богино хугацаанд коронавирусний халдварын дэгдэлтийг цурамд нь оруулж, цомхотгосон байна.



Холбоотой мэдээ