АНУ шашны эрх чөлөөг зөрчиж буй орнуудын жагсаалт гаргажээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-12-08 10:15:11

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид шашны эрх чөлөөг системтэйгээр зөрчиж буй орнуудын жагсаалтыг гаргажээ. Энэ тухай тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдэлд дурдсан байна.


АНУ-ын Төрийн департамент ийм жагсаалтыг 1998 оноос хойш хэрэгжиж буй олон улсын шашны эрх чөлөөний тухай хуульд үндэслэн жил бүр гаргадаг байна. Энэ жил шашны эрх чөлөөг зөрчигч орнуудын жагсаалтад Иран, БНХАУ, БНАСАУ, Мьянмар, Нигери, Пакистан, Саудын Араб, Тажикистан, Туркменистан, Эритрей улсуудыг оруулжээ. 


Үүний зэрэгцээ Вашингтон ОХУ, Куба, Никарагуа болон Коморын Арлуудын Холбоог "онцгой анхаарал хандуулах орнуудын жагсаалт" гэх өөр жагсаалтад оруулсан байна. АНУ-ын эрх баригчдын мэдэгдэж буйгаар, эдгээр улсын эрх баригчид нутаг дэвсгэр дээрээ "шашны эрх чөлөөг ноцтой зөрчсөн" эсвэл өөрсдөө үүнд оролцсон аж.


Олон улсын шашны эрх чөлөөний тухай хуульд заасны дагуу АНУ-ын Гадаад хэргийн яам дэлхийн шашны эрх чөлөөний талаар жил бүр тайлан бэлтгэдэг байна. Энэхүү баримт бичигт тусгагдсан дүгнэлтийг үндэслэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга тодорхой улс орон, байгууллагуудыг шашны эрх чөлөөг хамгийн их зөрчигчдийн хар жагсаалтад оруулах зөвлөмжийг боловсруулж, дараа нь тэдэнд хориг арга хэмжээ авах эрхтэй байдаг байна.


Холбоотой мэдээ