Улаанбаатар хотоос ирсэн 224 иргэнийг гэр гэрт нь тусгаарлан ажиглахаар явуулав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-02 23:01:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улс даяар бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан Улаанбаатар хотод гацсан Баян-Өлгий аймгийн 5 мянга орчим иргэн www.119.mn сайтаар дамжуулан нутаг буцах хүсэлт гаргасан.

Үүнээс 224 иргэн 8 автобусаар өнөөдөр орой Өлгий хотод ирлээ.

«Ирж байгаа иргэдийг аймгийн Авто тээврийн төвд хүлээж аваад, ачаа бараа, тээврийн хэрэгсэлд нь халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн тандалт судалгаа аван, зөвлөмж өгч, 14 хоног гэр гэрт нь тусгаарлан ажиглахаар явууллаа» гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Ч.Үржих хэллээ.

Аймгийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотоос ирсэн эдгээр хүмүүсийг гэртээ тусгай өрөөнд тусгаарлах, зочин урихгүй, гэрээсээ гаргахгүй, найз нөхөдтэй уулзуулахгүй байх, сайн хооллож, дархлааг нь дэмжих, мэргэжлийн байгууллагаас өгсөн дэглэмийг сайтар мөрдүүлэхийг тэдний ар гэрт нь хандан уриалж байна. 

Холбоотой мэдээ