НҮБ-ын тэргүүн БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-05-30 11:45:49

СӨҮЛ. /NHK/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өөрийн эх орон Өмнөд Солонгост ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж магадгүй гэсэн мэдээлэл таржээ.

Чосон гүрний үеийн байшин барилгуудаас бүрдэх Өмнөд Солонгосын нэгэн тосгонд Бан Ги Мүн өнгөрсөн амралтын өдөр зочилжээ. Уламжлалт соёлыг хамгаалах ажил хариуцсан албаны хүмүүстэй тэрбээр тус тосгонд уулзаж, санаа бодлоо солилцсон байна.

НҮБ-ын тэргүүн Японд болсон “Их-7”-гийн чуулга уулзалтад оролцсоныхоо дараа баасан гарагт Өмнөд Солонгост очсон юм.

Өмнөд Солонгосын эрх баригч нам ирэх оны 12 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Бан Ги Мүнийг нэр дэвшүүлэх бололтой гэсэн мэдээлэл тараад байна. Харин тэрбээр үүнд тодорхой хариу өгөхгүй байгаа аж. Учир нь түүний НҮБ-ын тэргүүний албан тушаалыг хаших хугацаа энэ оны 12 дугаар сард дуусах юм.

Энэ оны 12 дугаар сард НҮБ-ын тэргүүний суудлаа өгсөнийхөө дараа Өмнөд Солонгосын жирийн нэг иргэн болно гэж өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт тэрбээр хэвлэл мэдээллийн албаны хүмүүстэй уулзахдаа хэлж байв.

Г.Доржханд

 

 

 

 

 

Холбоотой мэдээ