Иргэдээ хуурамч мэдээлэлд автахгүй байхыг анхаарууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-11-25 17:53:48

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос ард иргэдээ баримт нотолгоогүй, эх сурвалжгүй албан бус мэдээлэлд авталгүй тайван байхыг албан ёсоор анхааруулж мэдэгдэл гаргалаа.

Сэлэнгэ аймагт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хатуу хөл хорионы дэглэм хэвээр үргэлжилж байна. Өчигдөр буюу 24-ний өдөр ТВ-9 телевизийн “Монгол коммент” болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Сэлэнгэ аймагт тэг зогсолт хийсэн талаар ташаа мэдээлэл олон нийтэд цацагдлаа. Одоогоор Сэлэнгэ аймагт тэг зогсолт хийгээгүй. Аймгийн төв Сүхбаатар сумын ард иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд бүрэн хамруулах ажлыг эрчимтэй зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймаг 90 хувийн хөдөлгөөний хязгаарлалттай байгаа бөгөөд 10 хувийн хөдөлгөөнөөр хүргэлтийн үйлчилгээ, иргэдийн дэлгүүр хоршоо, эмнэлэг, эмийн сан орох, шинжилгээндээ хамрагдах нөхцөлийг ханган ажиллаж байна. Цаашид хөдөлгөөнийг хязгаарлаж, чангаруулах арга хэмжээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Иймээс иргэд та бүхэн хөл хорионы дэглэмийг чанд биелүүлж гэр, гэртээ байж, халдвар илрээд байгаа сумын иргэд өөрийн гэрийнхээ хамгийн ойрын шинжилгээ авч байгаа цэгт очин бидний ажилд тус болоорой хэмээн аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил мэдэгдлээ.

Холбоотой мэдээ