Хятадын эрдэнэ шишийн импорт хоёрт орж байсан түүхэн дээд үзүүлэлтдээ хүрэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-11-25 11:11:58

Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сард Хятад улсын эрдэнэ шишийн импортын хэмжээ түүхэндээ хоёрдугаарт орох дээд үзүүлэлтэд хүрсэн ба сүүлийн гурван сар дараалан нэг сая тонныг давсан байна.

       Үүний гол шалтгаан нь малын тэжээлийн эрэлт нэмэгдсэн болон Хятад-Америкийн худалдааны хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж АНУ-аас худалдан авалтаа нэмэгдүүлэх зэрэгтэй холбоотой юм.

         Блүүмберг агентлагийн мэдээлснээр, Хятад улсын гахайн аж ахуйн салбар африк гахайн тахал өвчинд нэрвэгдсэнээс хойш аажмаар сэргэж байгаа бөгөөд энэ онд эрдэнэ шишийн импорт өнгөрсөн жилийнхээс бараг 2 дахин нэмэгдсэн байна. Мөн эдийн засаг сэргэхтэй холбоотойгоор эрдэнэ шиш боловсруулах салбарын эрэлт мөн нэмэгдэж, дотоодын үнэ саяхнаас түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.

            Мөн нийлүүлэлтийн хомсдол нь ирэх оны импортын хүлээлтийг ихээхэн нэмэгдүүлсэн ба АНУ-ын Засгийн газрын тооцоолж буйгаар ирэх онд Хятадын импортын хэрэгцээ 22 сая тоннд хүрнэ гэж тооцоолжээ. Харин Хятадын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд импортын хэрэгцээг 30 сая тоннд хүрнэ гэж таамаглаж байгаа юм. Одоогоор Хятадын албаны байгууллагаас гаргасан тооцооллоор ирэх оны импортын хэрэгцээ 7 сая тонн орчим байгаа юм.

            Өнгөрсөн 10-р сард Хятад улсад бусад төрлийн үр тарианы импорт мөн огцом өссөн. Хятад улсад эрэлт огцом өссөн болон өмнөд африк зэрэг газруудад нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр үр тарианы үнэ огцом өсжээ.

Холбоотой мэдээ