Бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтран 2020 онд бэлчээрийн төлөв байдлыг фото мониторингийн аргаар тодорхойлох ажлыг 395 цэгт судалгаа хийж бэлчээрийн даац, хүрэлцээ хангамжийг тогтоосон байна. Энэ судалгаагаар аймгийн хэмжээнд дунджаар 1-3 дахин хэтэрч, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн цөөрсөн гэж гарчээ.
Мөн Ус цаг уур орчны шинжилгээний газрын бэлчээрийн бодит
ургацыг тогтоосон дүнгээр өвөл хаврын бэлчээрийн ургац га-д 1.2 цн дундажтай байна.
Үүнээс харахад бэлчээрийн даац олон дахин хэтэрч нийт нутгийн 80
орчим хувьд нь өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Цаашид 11, 12, 1 дүгээр сард хур тунадас олон
жилийн дунджаас ахиу орох төлөв ажиглагджээ. Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж
буй үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгө, хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, сум орон нутгийн төсөв хөрөнгөөр байгаль орчинд халгүй энгийн
механик биологийн болон микро биологийн аргаар малчид иргэдийн оролцоотойгоор
110.0 мянган га бэлчээрт 80 хувийн үр дүнтэй зохион байгуулжээ.