Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал хэвлэлийнхэнтэй уулзалт хийв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-11-24 10:56:56

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нартай уулзалт хийж, үндсэн 4 асуудлыг хөндөж мэдээлэл өгөв. Үүнд:

1. Онцгой дэглэмтэй үед ажлаа хүлээн авч, Засгийн газрын шийдвэрээр эрүүл мэндийн шинжилгээ өгч, Улсын онцгой комиссын албан зөвшөөрлийн дагуу ирж ажлаа хүлээн авсан гэдгээ иргэддээ дуулгалаа. Нэн тэргүүнд аймгийн Онцгой комиссын шийдвэр, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, цаашид хэрхэн ажиллах, зөв шийдвэр гаргах тухай анхааралдаа авч байна гэв. Мөн хуваарийн дагуу аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, дараа дараагийн авах арга хэмжээний тухай бодитой шийдвэрүүдийг гарган ажиллана. Үүнд: Улаанбаатар хотод байгаа иргэдээ татан авах, Эрдэнэбулган сумын 6000 өрх айлын идэшний асуудал, өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан тэжээлийн нөөц зэрэг асуудлууд багтаж байгаа гэлээ.

2. 2020-2024 оны Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан үйл ажиллагааны чиглэлд сумдаас санал авах тухай Тамгын газарт чиг үүрэг өгч ажиллаж байна. Хөтөлбөрт нутаг орны хөгжил, ард иргэдийн амьдралд ойр чухал заалтуудыг багтаахаар анхаарч ажиллах тухай дурдав. Онцолбол, Чинээлэг малчин хөтөлбөрийг Архангай аймагт хэрэгжүүлэх, аялал жуулчлал, бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудал зэргийг тусггайлан тэмдэглэв. Мөн хүний хөгжил, өрсөлдөх чадвараараа манай аймаг сүүл мушгиж байгаад гол анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ дурдлаа.

3. Улсын хэмжээнд нэн тэргүүнд тулгамдаад байгаа "Ковид-19" цар тахлын хөл хорионы үед аймгийн ард иргэдийнхээ нийгмийн халамжийн асуудалд анхаарахаа илэрхийлэв.

4. Сумдын засаг даргыг томилох ажилд яаралтай шийдвэр гарган ажиллана. Хайрхан, Цэцэрлэг, Хотонт, Хангай зэрэг сумын засаг дарга нар улиран сонгогдож, бусад 15 сум шинээр Засаг дарга томилогдож байна. Материал бүрдсэн сумдын дарга нарыг яаралтай томилж, ажилд нь оруулахад анхаарна хэмээн уулзалтын төгсгөлд дурдав.

 

Холбоотой мэдээ