Манжуур хотын бүх оршин суугчдыг коронавирусний шинжилгээнд хамруулж байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-11-24 15:26:37

Бээжин /МОНЦАМЭ/. Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотод дотоодын гаралтай коронавирусний халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан өчигдөр өдрийн 14.00 цагаас эхлэн гурав хоногийн дотор хотын бүх оршин суугчдыг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулж байна.

            Хотын Ардын засгийн газрын холбогдох албан тушаалтнуудын хэлж буйгаар хотын бүх иргэдийг шинжилгээнд хамруулах нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтыг тогтоох хамгийн чухал арга бөгөөд халдварыг эрт илрүүлж, таслан зогсооход тустай гэв.

            Энэ сарын 20-ны өдөр тус хотын хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрсэн юм. Дээрх хүмүүс нь эхнэр нөхөр бөгөөд хотын тохижилт үйлчилгээний компанид ажилладаг иргэд аж.

            Мөн дээрх иргэдийн явсан маршрутыг олон нийтэд мэдээлж холбогдох газруудыг хааж, ариутгах арга хэмжээг авсан байна. Халдварын тохиолдлуудтай ойрын харилцаатай 194 хүн болон тэдгээр иргэдтэй харилцаатай 248 хүнийг шинжилгээнд хамруулахад хариу нь бүгд сөрөг гарчээ.

            Тус хотод шинжилгээ авах 30-н цэгийг бий болгон 558 ажилтантай ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 25-ны дотор хотын бүх иргэдийг шинжилгээнд хамруулж дуусахаар ажиллаж байна.   

Холбоотой мэдээ