Халдвар авсан иргэний ойрын хавьтлыг тогтоож ажиглалтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-19 14:09:35

Дорноговь /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын тохиолдол Говьсүмбэр, Дорноговь аймгийн Айраг суманд илэрсэнтэй холбогдуулж аймгийн Нэгдсэн эмнэлэг Эрүүл мэндийн газраас төмөр замын ажилчдыг PCR-ийн шинжилгээнд хамруулж байна.

"Шинжилгээ авахаас гадна тухайн иргэн хаагуур ямар газраар явсан талаарх асуумж авч буй. Дорноговь аймагт төмөр замын байгууллагад нийт 3200 гаруй ажилчид байгаагаас 2490 орчим буюу нийт ажилчдын 80 гаруй хувийг шинжилгээнд хамруулсан.

Явуулын шинжилгээний цэгүүдийг үүсгэж зөрлөг бүр дээр шинжилгээ авч байна" хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Коронавирусээр өвчилсөн иргэн Айраг суманд амьдардаг бөгөөд төмөр замд ажилладаг аж.

Тэр Говьсүмбэр аймагт батлагдсан иргэнтэй хамт нэг баг болж Дархан-Уул аймагт төмөр замчдын тэмцээн уралдаанд оролцсон байна.

Дараа нь 11 дүгээр сарын 07-нд Дархан-Уул аймгаас Улаанбаатар руу галт тэргээр ирээд Төмөр замын “Ган зам” зочид буудалд бууж удалгүй хажуугийн “Мини маркет”-аас тамхи аваад буцаж ирж буудалдаа байсан. Удалгүй 17 цагийн үед Улаанбаатар-Замын-Үүдийн галт тэргээр Дорноговь аймгийн Айраг суманд иржээ.

Галт тэргээр ирэхдээ купейндээ  өөрөөсөө гадна гурван хүнтэй ирсэн бөгөөд тэдний нэг нь Даланжаргалан сумынх, хоёр нь Говьсүмбэр аймгийн хүн аж. Тэдгээр иргэний явсан газрын маршрутыг тогтоож асуумж авч ажиглалтад авчээ. Өвдсөн иргэний ойрын хавьтлыг тогтоож гэрийн ажиглалтад авсан байна. 

Өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгээс тухайн хүмүүсийн биеийн байдлыг хянаж тархалт судалгааг үргэлжлүүлэн хийхээр Даланжаргалан сум руу эмч мэргэжилтний  баг явжээ.    

Холбоотой мэдээ