Халдвартай бүс нутгаас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-18 18:37:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд хөл хорио тогтоосноос хойш 282 иргэн орж ирсэн ба тэдэнд өчигдрөөс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж эхэллээ.

Тодруулбал, аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлснээр Улаанбаатараас 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур авчирч, оношилгоо хийх цэг байгуулан халдвартай бүс нутгаас ирсэн иргэдэд оношилгоо хийж эхэлсэн байна.

Мөн өнөөдөр аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, түр тусгаарлах байр бэлтгэн халдвартай бүс нутгаас ирсэн иргэд, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэн ирсэн бүх жолооч нарыг оношилгоонд хамруулж, 21 хоног тусгаарлах шийдвэр гаргасан.

Өнгөрсөн хугацаанд Шуурхай штабын утсаар холбогдсон 157 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, Улаанбаатар хот руу зорчих зайлшгүй шаардлагатай,  идэш бэлтгэхээр аймаг дотроо зорчих иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн аж.

Аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм мөрдүүлэх иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих 57 постод 143 алба хаагч, 57 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа ба өнөөдрөөс зүүн талын дөрвөн сум (Цагаандэлгэр, Говь-Угтаал, Өндөршил, Баянжаргалан)-аас орж ирэх болон гарах хөдөлгөөнийг бүр зогсоожээ.  

Холбоотой мэдээ