Халдварт болон эрчимт эмчилгээний тасгийг нөхцөл байдлаас шалтгаалан ажиллуулахаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-13 19:01:20

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой комиссын гишүүд аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, халдварын үед хэрхэн ажиллах бэлэн байдалтай танилцлаа.

Аймгийн нэгдсэн эмнэлэг нь 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй. "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх,  бэлэн байдлын хангах төлөвлөгөөг гарган нийт эмч, ажилтанд сургалт хийж бэлэн байдлыг хангасан байгаа аж.

Хэрэв цаашид өвчлөл гарвал өвчний тархалт, ажиллах хүний нөөцөө хуваарилсан бөгөөд эхний ээлжинд халдварт болон эрчимт эмчилгээний тасгийг нөхцөл байдлаас шалтгаалан ажиллуулахаар төлөвлөжээ.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга С.Оюунцэцэг “Төв аймагт сэжигтэй болон батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Эмнэлгийн ажилчдын дунд чадавхжуулах сургалтыг хэсэг бүлгээр нь зохион байгуулж байна. Мөн иргэдийн дунд 9 асуулттай асуумж судалгаа явуулахад иргэдийн гараа угаах мэдлэг дадал дутмаг байсан учир энэ талын сургалт мэдээлэл явуулж байна. Мөн сануулах хуудас болон зурагт хуудсыг байршуулан ажиллаж байгаа” гэв.

Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн фэйж хуудас /tuvemneleg.mn/ болон фэйсбүүкээр ХӨСҮТ болон ЭМЯ-ны мэдээллийг 7 хоног бүрээр нь цахим орчинд түгээн ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ