Минскийн гэрээ хэрэгжихгүй бол ОХУ-ын эсрэг хоригийг цуцлахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-26 12:50:12

ИСЭ-ШИМА. /TASS/. Минскийн гэрээ бүрэн хэмжээнд хэрэгжсэн тохиолдолд л ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах талаар ярилцах болно гэж Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск мэдэгдэв.

Минскийн гэрээ бүрэн хэрэгжихээс нааш ЕХ-ны ОХУ руу чиглэсэн бодлого, тэр дундаа эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахгүй хэмээн үзэж байгаагаа 7-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнөхөн Туск мэдэгдсэн байна.

Өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Унгарын “Magyar Nemzet” сонинд ярилцлага өгөхдөө "ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг “Минск-2” гэрээг хэрэгжүүлэх асуудалтай холбон авч үзэх нь уг гэрээг тасалдуулах гэсэн Украины оролдлогыг дэмжин өөгшүүлсэн хэрэг мөн" гэж мэдэгджээ.

“Минскийн гэрээг ОХУ хэрэгжүүлбэл манай улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ ЕХ цуцална гэж мэдэгдэж байна. Украины мөргөлдөөнд оролцоогүй ОХУ-ыг уг гэрээг хэрэгжүүлэх явдалтай холбож байгаа утга учиргүй хэрэг. Асуудлыг ингэж тавьж байгаа нь Минскийн гэрээг тасалдуулах оролдлого хийхэд нь Украиныг өөгшүүлж буй хэрэг юм” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ