Сум хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-12 20:05:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан захирамж гаргалаа. Засаг даргын захирамжид дараах шийдвэрүүдийг тусгасан байна.

Үүнд:

1.Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын хавсралтад заасан "Хязгаарлалт тогтоохгүй хэвийн ажиллах төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн жагсаалт"-д багтсанаас бусад албан байгууллага бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд хариуцлагатай жижүүр томилж, байгууллагын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов.


2.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд аймгийн хэмжээнд соёл, урлаг, олон нийт /хурим найр, сургалт, жагсаал цуглаан, биеийн тамир, спорт/-ийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглов.


3.Харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай үед гамшгийн зарлан мэдээллийг хүн амд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхийг "Мэдээлэл, холбооны сүлжээ" төрийн өмчит компанийн салбар, Орон нутгийн олон нийтийн радио, орон нутгийн гамшгийн нөөцийг нэмэгдүүлэхийг  гамшгаас хамгаалах албадын дарга, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

4.Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх зориулалтаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааг бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд түр зогсоов.

5.Стратегийн хүнс, бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг худалдаа наймаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд үүрэг болгов.


6.Жирэмсэн болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй /өрх толгойлсон эцэг/ ажилчдыг гэрээсээ ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгохыг албан байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч нарт даалгав.


7.Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан хугацааг энэ сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгав.

8.Сум хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр болов.  

9.Сургуул, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг энэ сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

Холбоотой мэдээ