ХӨСҮТ: Коронавирусээр халдварласан сувилагчтай ойр байсан таван хүнээс “COVID-19” илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-09 11:32:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн гурав хоногт  буюу энэ сарын 6-8-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс “COVID-19” халдвар илэрчээ.


Энэ талаар өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэхдээ, “Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээ, 10 дугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээ,  11 дүгээр сарын 7-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины нэг жолооч /ОХУ-ын иргэн/-оос халдвар илэрсэн. Тухайн иргэний өөрийнх нь хүсэлтийг үндэслэн тус улсын холбогдох албаныхантай зөвлөлдөж, түүнийг буцаасан байна. Мөн энэ сарын 8-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолооч /56 настай Беларусь улсын иргэн, 52 настай Монгол Улсын иргэн/, 10 дугаар сарын 17, 18-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины гурван жолоочид хийсэн давтан шинжилгээгээр мөн халдвар илэрлээ. Гурван жолооч нь Монгол Улсын иргэн” хэмээв.


Мөн тэрбээр, Монгол жолооч нар олон компаниар дамжиж бараагаа цуглуулаад орж ирдэг юм байна. Хилийн цаана хяналт сул байгаа нь эрсдэл дагуулж байна. Халдвар илэрсэн сувилагчтай хамт ажиллаж байсан таван ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй гэдгийг тодотгосон юм.


Түүнчлэн өнөөдөр дөрвөн хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжжээ. Тэд 36, 42 настай ОХУ-ын иргэн болон 10 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар, 10 дугаар сарын 1-нд Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр эрэгтэй аж.


Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын 368 тохиолдол бүртгэгдсэнээс  317 нь эдгэрээд байна.


ХӨСҮТ-д одоогоор 49 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүн хүнд, долоо нь хүндэвтэр, 41 хүний биеийн байдал хөнгөн оноштой байгаа аж.  

Холбоотой мэдээ