Зургаан байгууллагын 150 гаруй албан хаагч хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-05 12:24:29
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр “Замт” гэх газар малын бэлчээрт тус сумын иргэн Ё-ийн үхрийг нядлан арьс, шийр, толгойг нь хэргийн газар хаяж, тээврийн хэрэгсэл ашиглан махыг тээвэрлэн явсныг аймгийн Цагдаагийн газар илрүүлжээ.
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас “Мал мах-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, чиглэлээр хөдөлгөөнт постуудыг 24 цагаар тогтмол ажиллуулж буй. Тус шалгалтаар дээрх малын хулгайн гэмт хэргийг илрүүлсэн бөгөөд малчдыг мал сүргээ байнгын хараа хяналттай, хариулгатай байлгахыг Цагдаагийн газраас анхааруулав.
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Мал мах-2020” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 30-ны өдрийг хүртэл өрнүүлж байгаа бөгөөд гурван чиглэлд хяналтын байнгын пост, хөдөлгөөнт эргүүлээр зургаан байгууллагын 150 орчим алба хаагч ээлжээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Сумын ЗДТГ, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар болон бусад мэргэжлийн байгууллага хамтран хяналт шалгалтыг хийж байгаа аж.
Холбоотой мэдээ