“MH17” чиглэлийн нисэх онгоц сүйрсний хариуцлагыг ОХУ хүлээхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-25 09:54:49

МОСКВА. /Sputnik/. Малайзын “MH17” аяллын дугаартай нисэх онгоц сүйрсний хариуцлагыг ОХУ-д хүлээлгэх хууль эрхзүйн тодорхой баримт нотолгоо байхгүй, сүйрлийн хариуцлагыг Украин хүлээх ёстой гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн хорооны тэргүүн мэдэгдэв.

2014 онд Украины зүүн нутагт сүйрсэн уг нисэх онгоцоор зорчиж явсан хохирогчдын ар гэрийнхэн ОХУ-ын эсрэг зарга үүсгэхээр нэхэмжлэл гаргасан гэж Европын хүний эрхийн шүүх мэдэгджээ.

Малайзын агаарын тээврийн компанийн “Boeing 777” онгоц 2014 оны долдугаар сарын 17-нд Донецк мужид осолдсон юм. Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд нислэг үйлдэж байсан уг онгоцонд 283 зорчигч, багийн гишүүн болох 15 хүн байсан бөгөөд тэд бүгд амиа алдсан билээ.

Голландын талын явуулсан мөрдөн шалгалтын дүнгээс үзвэл, уг нисэх онгоц “Бук” цогцолбороос харвасан газар-агаар ангиллын пуужинд оногдож сүйрчээ. Гэхдээ пуужинг яг хаанаас харвасныг тайланд дурдаагүй байна. Түүнээс гадна мөрдөгчид Украины талыг иргэний агаарын тээвэрт ийм аюул учирч байхад нүдээ аниад чимээгүй өнгөрч байна гэж буруутгажээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ