Жүдо бөхийн анхны шигшээ багийн тамирчдад хүндэтгэл илэрхийлэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-10-29 13:21:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУЖБХ-ноос жүдо бөхийг үндэслэгч профессор Жигоро Каногийн төрсөн өдөр 10 дугаар сарын 28-ны өдрийг “Дэлхийн жүдогийн өдөр” болгон 2010 оноос жил бүр дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай.


Энэ жилийн хувьд уг өдрийг тохиолдуулан "Москва-1980" зуны олимпын наадмаас Монголын жүдочид анхны мөнгө, хүрэл медаль хүртсэний 40 жилийн ойн нэрэмжит "Ulaanbaatar -2020 October"  тэмцээн МХАҮТ-д зохион байгуулсан. Тус тэмцээнийг нээх ёслолд 1980 оны зуны олимпод эх орноо төлөөлсөн баг, бэлтгэл хангагч тамирчид ирсэн байв. МҮОХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр зочдод хүндэтгэл илэрхийлж олимпын хүрэл медальт Р.Даваадалай, ОУХМ Я.Дорж, ОУХМ Г.Жалаа, СМ Ж.Алтангадас, ОУХМ Л.Очирбал нар МҮОХ-ны "Олимпын алдар" одон, МУГТ Г.Жамсран, ОУХМ Ш.Ганбаатар нарт МҮОХ-ны "Алтан Очир" одонгоор тус тус шагнажээ. Мөн СМ Ж.Алтангадаст ОУХМ цол тэмдэг гардуулсан байна.


Одоогоос 40 жилийн тэртээ "Москва-1980"  XXII зуны олимпын наадамд жүдо бөхийн төрөлд Ц.Дамдин, Р.Даваадалай нар мөнгө хүрэл, медаль хүртэж байжээ.


Ташрамд сонирхуулахад, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, ОХУ-ын иргэн Вячеслав Михайлов Хохлов дасгалжуулагчидтай тухайн үеийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 60 кг-д ОУХМ Я.Дорж /VIII байрт/, 65 кг-д Ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин /мөнгөн медаль/, 71 кг-д гавьяат тамирчин Р.Даваадалай /хүрэл медаль/, 78 кг-д гавьяат дасгалжуулагч Д.Дашжамц, 86 кг-д гавьяат тамирчин Д.Цэнд-Аюуш, 95 кг-д ОУХМ Д.Амгаа, +95 кг-д ОУХМ Г.Жалаа, үнэмлэхүй жинд Д.Цэнд-Аюуш /шагналт V байp/ нар багтсан юм. Мөн гавьяат тамирчин Г.Жамсран, гавьяат тамирчин Ж.Ганболд, Ардын жүжигчин, ОУХМ Д.Түвшинжаргал, ОУХМ Л.Очирбал, ОУХМ Д.Бадрах, гавьяат дасгалжуулагч Б.Ганбаатар, СМ Ж.Алтангадас, гавьяат тамирчин С.Хүрэлбаатар, ОУХМ Ш.Ганбаатар нарын бэлтгэл хангагч гэсэн бүрэлдхүүнтэй жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчид 1976, 1980, 1984  оны олимпын цикл жилүүдэд бэлтгэл сургуулила базааж, тэмцээнд оролцдог байжээ. 

Холбоотой мэдээ