АНУ-ын Конгрессын Сенатын танхим Дээд шүүхийн шүүгчийг томилов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-27 09:45:11

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим тус улсын Дээд шүүхийн шүүгчээр давж заалдах шатны долоодугаар шүүхийн шүүгч Эми Конни Барреттийг томилох саналыг даваа гаргийн орой баталлаа.


Барреттийг томилохыг Бүгд найрамдах намын 52 гишүүн дэмжиж, 48 сенатч эсэргүүцсэний дотор Бүгд найрамдах намын ганцхан төлөөлөгч байсан байна. Энэ нь Мэн муж улсаас сонгогдсон Сюзан Коллинз юм.


Дээд шүүхийн шүүгчийг томилох хэлэлцүүлэг Сенатын танхимд ням гарагт эхэлж, 30 орчим цаг үргэлжилсэн байна. Барретийн тангараг өргөх ёслол даваа гаргийн орой Цагаан ордонд болно.


Өнгөрсөн долоо хоногт хууль тогтоох байгууллагын дээд танхимын Хууль зүйн хороонд Барреттийг томилох асуудлаар санал хураалт эхлэхээс өмнө Ардчилсан намынхан бойкот зарлаж, хуралдаа суугаагүй байна.


Харин америкчуудын дийлэнх нь Барретийг Дээд шүүхийн гишүүнээр томилохыг дэмжиж байгааг “Gallup” төвөөс явуулсан судалгааны дүн харуулжээ.


АНУ-ын Дээдийн шүүхийн шүүгчдийг төрийн тэргүүний санал болгосноор насан туршид нь томилдог. Тиймээс Ерөнхийлөгч нарын хийсэн томилгоо нь тэдний дотоодын улс төрийн өвийн хамгийн "удаан хугацааны тоглогч", магадгүй хамгийн чухал хэсэг болдог байна. Дээд шүүх нь есөн шүүгчийн бүрэлдэхүүнтэй. Тэдний наймыг нь Бүгд Найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгч томилж байсан бол хоёрыг нь Трамп томилжээ. АНУ-ын Ардчилсан нам шүүхийн сул орон тоог нэн даруй нөхөх төлөвлөгөөнөөсөө татгалзаж, 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хүнд энэ эрхийг өгөхийг Трампаас шаардаж байсан юм.


АНУ-ын Дээд шүүхийн суудал тус улсын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны томилж байсан шүүгч Рут Гинзбург есдүгээр сарын 18-нд 87 насандаа хорт хавдраар нас барсны улмаас сул болсон. Тэрбээр тус улсын түүхэнд Дээд шүүхийн шүүгч болсон хоёр дахь эмэгтэй бөгөөд энэ албыг 27 гаруй жил хашжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд Эми Кони Барреттыг томилох саналаа есдүгээр сарын 29-нд Сенатын танхимд хэлэлцүүлэхээр хүргүүлсэн байна. Барретт консерватив үзэл баримтлалаараа алдартай бөгөөд католик шашинтан аж.


 



Холбоотой мэдээ