Гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-26 13:47:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Иргэдийн идэш бэлтгэх улирал эхэлсэнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас «Мал мах» нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15-наас орон даяар зохион байгуулж байгаа.

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой тус арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас Өлгий хотын 6 чиглэлд 24 цагаар хяналтын пост, 4 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна. Хяналтын пост болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид тухайн хугацаанд нийтдээ 2864 толгой малын гарал үүслийн гэрчилгээг шалгаж, гэрчилгээгүй мал тууварласан, тээвэрлэсэн 4 хүнийг тус бүр 150 мянган төгрөгөөр торгожээ.

Мөн 4212 хүн, 1562 тээврийн хэрэгслийг шалгаж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 43 иргэнд 650 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ.

Иймд гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэх, тууварлахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас ард иргэдэд анхааруулж байна. Энэ төрлийн зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.5 сая төгрөгөөр торгох ажээ.

Холбоотой мэдээ