Малын халдварт өвчнийг оролцооны аргаар тандан судлах ажлын үр дүнг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-23 20:19:50

Ховд /МОНЦАМЭ/. “Оролцоот эпидемиологи – Монголд” мал эмнэлгийн салбарын хамтран ажиллагсдын уулзалт-хэлэлцүүлэг өнөөдөр Ховд аймагт боллоо.

Тус хэлэлцүүлгийн зорилго нь Ховд аймгийн Мал эмнэлгийн тасаг нэгжийг чадавхжуулах жилийн хүрээнд хийсэн ажлын явц, малын халдварт өвчнийг оролцоот эпидемиологийн аргаар тандан судлах аргачлалыг орон нутагт хэрэгжүүлсэн үр дүнг танилцуулах, цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар санал солилцоход чиглэж байв. 

Энэхүү хэлэлцүүлгийн үйл ажиллагааг Мерси Кор олон улсын байгууллага, Ховд аймгийн Мал эмнэлгийн газар хамтран зохион байгуулснаараа онцлогтой.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт 17 сумын малын эмч, тархвар зүйч, мал эмнэлгийн улсын байцаагч нарын төлөөлөл 100 орчим хүн оролцож, харилцан туршлага солилцож байгаа юм.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд оролцоот эпидемиологийн аргачлалыг ашиглан Мянгад, Буянт, Дуут, Алтай, Үенч, Булган зэрэг 10 суманд хийсэн судалгааны ажлыг дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн Ховд, Говь-Алтай аймгийн бөхөнгийн тархац бүхий нутагт оролцоот эмидемиологийн аргачлалаар хийх судалгааны тухай холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Малын халдварт өвчний тархац, төлөв байдал, тэдгээрийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт хүчин зүйлийг судлахад тухайн бүс нутгийн малчдын оролцоо чухал үүрэгтэй. Тиймээс орон нутгийн Мал эмнэлгийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, малчдын оролцоог нэмэгдүүлэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг шинэ шатанд гаргах зорилтын дагуу ийнхүүү салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна гэж албаны эх сурвалж онцоллоо.

Ховд аймагт 130 гаруй малын эмч бий. Энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр малын халдварт өвчнийг оролцоот эпидемиологийн аргаар тандан судлагч мэргэжлийн 14 эмчид гэрчилгээ гардуулав.  

Холбоотой мэдээ